Стандарт бус 29 ус түгээх байр, ашиглалтын шаардлага хангахгүй төлбөр хураах цэгүүдийг устгахаар болов
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын ээлжит бус XIV хуралдаан өнөөдөр болж, зарим асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай тогтоолын төслийн танилцуулж, төлөөлөгчдийн саналыг авав. Ашиглалтын шаардлага хангахгүй болсон байгууламжуудын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат дараах мэдээллийг танилцуулсан юм. Тэрбээр "Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын ОНӨААТҮГ-т бүртгэлтэй ашиглалтын шаардлага хангахгүй, цаашид ашиглах боломжгүй, үйл ажиллагаа нь бүрэн зогссон болон дахин төлөвлөлтийн бүсэд орсон нийт 478.6 сая төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий 232.2 сая төгрөгийн үлдэх өртөгтэй 29 ус түгээх байрыг акталж нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах асуудлыг боловсруулан танилцуулж байна. Дээрх ус түгээх байрууд ашиглалтын шаардлага хангахгүй тухай нийслэлийн хяналт шалгалт болон холбогдох мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гарч үйл ажиллагаа нь бүрэн зогссон. Мөн газар нь дахин төлөвлөлтийн бүсэд орсон тул тухайн газрыг дахин төлөвлөлтийн хүрээнд шинэчлэн зохион байгуулах шаардлага үүссэн. Иймд дээрх шалтгаанаар цаашид ашиглах боломжгүй болсон тул тэдгээр өмчийг бүртгэлээс хасаж актлах саналыг хүргүүлж байна. Хэлэлцэн дэмжихийг хүсье" гэв. Үргэлжлүүлэн "Төмөр замын траст өртөж ашиглалтын шаардлага хангахгүй болсон Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 442.8 сая төгрөгийн бүртгэлийн үнэтэй 317.3 сая төгрөгийн үлдэгдэл бүхий өртөг дараах барилга байгууламжийг акталж нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тогтоолын төслийг танилцуулж байна. Монгол Улсын Засгийн газрын холбогдох тогтоолыг үндэслэн төмөр замын траст өртөж ашиглалтын шаардлага хангахгүй болсон төлбөр хураах цэгийг устгаж Монголын төмөр зам ТӨХК-аас уг төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн. Үүнтэй холбогдуулан тус газарт байрлах төлбөр хураах цэгийн барилга түүний шугам сүлжээг буулган актлуулах хүсэлтийг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас 2026 оны холбогдох албан бичгээр ирүүлсэн болно. Уг асуудлыг дэмжин хэлэлцэж өгөхийг хүсье" хэмээв. Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай дээрх тогтоолыг ИТХ-ын төлөөлөгчдийн 58.1 хувийн саналаар баталлаа.
ikon.mn
·
world
ru