Прокурорын эсэргүүцлийн дагуу "Тэнүүн-Огоо"-гийн А.Ганхуягт холбогдох залилангийн хэргийг хэлэлцсэн ч хорих бус торгох ял ногдуулжээ
Ногоон автобусны гэх тодотголтой хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр боллоо. Шүүхээс "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг 88 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн. Улмаар А.Ганхуягийг 40 сая төгрөгөөр, Ким Кэа Баумыг 35 сая төгрөгөөр, Ли Жон Собыг 30 сая төгрөгөөр, Ж.Эрдэнэбатыг 20 сая төгрөгөөр торгов. Үүнээс цагдан хоригдсон хоногийг нь хасаж тооцсоноор Ли Жон Соб 29.8 сая, Ким Кэа Баум 34.7 сая, А.Ганхуяг 39.8 сая төгрөгийн торгууль төлөхөөр болоод буй. Шүүхийн шийдвэртэй холбогдуулан прокурорын байгууллагаас дараах тайлбарыг гаргасан байна. "Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарт холбогдох авлига, залилах хэргийг өмнө нь шүүхээр хянан хэлэлцэж, А.Ганхуягт холбогдох авлигын гэмт хэрэгт 3 жилийн хорих ял оногдуулж, одоо хорих байгууллагад ялаа эдэлж байгаа. Харин шүүх залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт прокурор эсэргүүцэл бичиж, Улсын дээд шүүх эсэргүүцлийг хүлээн авснаар өнөөдөр залилах гэмт хэргийг хэлэлцэж, прокуророос хорих ял оногдуулах санал гаргасныг шүүхээс торгох ял оногдуулсан" гэв.
ikon.mn
·
world