Самбо бөхийн ДАШТ-ээс Монголын баг тамирчид 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ

ikon.mn · sports

Самбо бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) энэ сарын 6-наас 8-ныг дуустал Узбекистаны Ташкент хотноо болсон юм. Нийт 101 орны 508 тамирчин энэ удаагийн ДАШТ-д оролцжээ. Тус тэмцээнд манай улсын баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр VI байр эзэлжээ. Оросууд 18 алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль зүүсэн бол Гүрж таван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл, Узбекистан хоёр алт, таван мөнгө, есөн хүрэл, Беларусь хоёр алт, гурван мөнгө, есөн хүрэл авлаа. Манай улсаас байлдааны самбын төрөлд эрэгтэйчүүдийн 58 кг-ын жинд Гантөмөрийн Баяндүүрэн алтан медаль хүртсэн юм. Тэрбээр ийнхүү гурав дахь удаагаа дэлхийд түрүүлж байна. Мөн спорт самбын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Дэлгэрсайханы Сарантуяа, 59 кг-ын жинд Батсүхийн Алтанцэцэг нар мөнгө, 50 кг-ын жинд Ганбаатарын Бямбасүрэн хүрэл медаль зүүлээ.

Read full article → Compare