"Энгийн болон евро АИ-92 маркийн шатахууныг сольж зарсан байж болзошгүй асуудлаар нэр бүхий хоёр ААН-ийг шалгаж байна"
АИ-92 /энгийн/ болон АИ-92 /евро/ маркийн шатахууныг сольж зарсан байж болзошгүй асуудлаар нэр бүхий хоёр аж ахуйн нэгжийн тус бүр нэг ШТС-аас дээж авч лабораторид шинжлүүлэхээр хүргүүлсэн ба нарийвчилсан хяналт шалгалт хийгдэж байгаа бөгөөд үр дүнг эцэслэн гарсны дараа олон нийтэд мэдээлэх болно гэдгийг Монополийн эсрэг газрын дарга Б.Амарсанаа мэдээллээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монополийн эсрэг газар, Ашигт малтмал газрын тосны газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хамтарсан удирдамжийн дагуу ажилласан Хяналт шалгалтын ажлын хэсэг давхардсан тоогоор 482 шатахуун түгээх станцад хяналт шалгалт хийсэн байна. Хяналт шалгалт эхлэхээс өмнө нэг хошуугаар бензин түгээж байна гэх асуудал их яригддаг байсан бол шалгалтаас хойш хоёр болон гурваас дээш хошуугаар олгож байгаа ШТС-уудын тоо 60 хувиар өсжээ. Мөн ШТС-уудын 75 хувь нь 30 хүртэлх машины оочиртой байсан бол үлдсэн 25 хувь нь 30-аас дээш машины оочиртой байжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бүх ШТС-ууд оочир дараалалгүйгээр үйлчилж байгаа аж. Benzin.mn сайтад нийт ШТС-уудын 96 хувь нь мэдээллээ бүрэн оруулж ажиллаж байна гэв.