Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд улсын гарди М.Лхагвагэрэл түрүүлж, даян аварга Б.Орхонбаяр үзүүрлэлээ

ikon.mn · sports

Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан, Чингис хаан цомын төлөөх хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өнөөдөр зохион байгуулагдлаа. Улс, аймгийн цолтой хүчит 128 бөх барилдсанаас Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын гарди М.Лхагвагэрэл долоо давж түрүүлсэн бол Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, "Таван Хан" дэвжээ, "Алдар" спорт хорооны бөх даян аварга Б.Орхонбаяр зургаа давж үзүүрлэлээ. Ийнхүү улсын гарди М.Лхагвагэрэл Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд анх удаа түрүүлж байгаа бол даян аварга Б.Орхонбаяр хоёр дахиа үзүүрлэв. Харин их шөвгийн дөрөвт Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хорооны бөх улсын аварга О.Хангай, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат "Хан Хэнтийн Аварга" дэвжээ, "Алдар" спорт хорооны бөх улсын заан Д.Алтанцоож нар шалгарлаа. Түрүүлж үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүд шагналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардуулж, УИХ-ын дарга С.Бямбацогт болон Ерөнхий сайд Н.Учрал нар баяр хүргэлээ.

Read full article → Compare