Гадаад ажилчдын хувь нэмрийг дутуу үнэлж байсан Өмнөд Солонгосын ерөнхийлөгч тэдэнд дулаан хувцас илгээхээ амлав
South Korea's president said Tuesday he plans to send warm winter clothes to foreign workers. The announcement came weeks after he faced criticism for undervaluing their contribution to the country's economy. According to the report, a nationwide campaign of good deeds for migrant workers was already underway.
Хэдхэн долоо хоногийн өмнө улс орныхоо эдийн засагт оруулж буй гадаад ажилчдын хувь нэмрийг дутуу үнэлээд шүүмжлэлд өртөж байсан Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мён өчигдөр буюу Мягмар гарагт тэдэнд хувиасаа өвлийн дулаан хувцас илгээхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. "Цагаач ажилчдад зориулсан сайн үйлсийн кампанит ажил улс орон даяар үргэлжилж байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 15-нд Улсан хотын төрөл бүрийн байгууллагууд тэдэнд өвлийн хувцас, ажлын хувцас илгээх хөдөлгөөнд нэгдэх болно" гэж тэр сошиал хуудсандаа бичээд өөрөө ч бас үүнд багахан хувь нэмрээ оруулахын тулд өвлийн хувцас хандивлахаа амласан байна. "Цагаач ажилчид бол бидний хамт олон, хөршүүд бөгөөд бидэнтэй хамт энэ улсын эдийн засгийг босгохын төлөө зүтгэдэг. Бидний үндэс угсаа, хэл өөр байж болох ч хөдөлмөрийн үнэ цэнэ ижил байдаг. Засгийн газар хүн бүрийн аюулгүй ажиллагаа, хүндэтгэлтэй харилцаанд анхаарал хандуулах болно” гэж И Жэ Мён бичжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ гэр бүлээсээ хол, танил дасал бус газарт өвөл онцгой хүйтэн байдгийг дурдаад ганц хувцас хүйтнээс бүрэн хамгаалж чадахгүй ч энэ үйлдлийн ард байгаа сайхан сэтгэл нь удаан үргэлжлэх дулааныг бэлэглэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Өнгөрсөн сард И Жэ Ён цагаач ажилчид орлогоо ар гэртээ илгээдэг тул "улсын эдийн засагт төдийлөн хувь нэмэр оруулдаггүй" гэж мэдэгдсэн нь нэлээд маргаан дэгдээсэн юм. Тэрбээр татварын хөнгөлөлтөөр дамжуулан солонгос ажилчдыг хөдөө аж ахуйн салбарт татах боломжийн талаар судлахыг албаныханд зааварлах үеэрээ энэ үгийг хэлж байжээ. "Үндэсний аюулгүй байдлын үүднээс бид хөдөө аж ахуй, ойн аж ахуй, мал аж ахуй, загас агнуурын салбаруудыг дэмжих ёстой. Гадаад ажилчдыг авчрах нь үндэсний эдийн засагт төдийлөн хувь нэмэр оруулдаггүй, учир нь тэд бүх орлогоо гэр лүүгээ илгээдэг” гэж И Жэ Мён хэлж байв. Эх сурвалж: Korea Times