Тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулсан бол авто зам ашигласны төлбөрөөс хасна
Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай 24/29 тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулжээ. Ингэснээр долоо хоног бүр замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарласнаас бусад өдрүүдэд тэгш сондгойгоор зорчуулсан бол зам ашигласны төлбөрөөс чөлөөлөхөөр болж байна. Тодруулбал тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үед ирэх оныхоо зам ашигласны төлбөрөөс хасаж тооцохыг Даваа гарагт болсон НИТХ-ын хуралд оролцсон төлөөлөгчдийн 70 хувь нь дэмжжээ. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор цагаан сар, есдүгээр сарын 1-ний бэлтгэл ажлын үеэр болон олон улсын томоохон хурал зөвлөгөөний үед автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалт хийдэг. Нийслэлийн хэмжээнд 744,246 авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс дугаарын хязгаарлалтад хамрагдах 720,122 авто тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог байна. Татвар төлөгчдийн хувьд тээврийн хэрэгслийн төрлөөс хамааран нэг хоногт 274-1,370, 14 хоногт 3,836-19,180, нэг сард 8,220-41,100 төгрөгийг буцаан авах буюу ирэх оны авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлнө гэж тогтоолын төсөлд тусгажээ. Харин автомашины татвараас хөнгөлөх асуудлыг “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулснаар шийдэх учир Засгийн газраас УИХ-д өргөн барьснаар парламент хэлэлцэх бөгөөд НЗДТГ-ын зүгээс саналаа Засгийн газарт өгчээ. Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс