Ш.Энхийн-Од сэлгээнээс 12 оноо авч, баг нь өрсөлдөгчөө 101:98-аар буулган авлаа

ikon.mn · world

Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-ны Хөгжлийн лигийн ээлжит тоглолт өнөөдөр боллоо. Ш.Энхийн-Одын тоглож буй "Osceola Magic" баг энэ удаад "Memphis Hustle" багийн талбайд зочилсон юм. Гэртээ хийсэн улирлын нээлтийн тоглолтод багаараа сайн хамгаалсныхаа үр дүнд хожил авсан "Шидтэн" залуус энэ удаад айлын талбайгаас хожил авлаа. Тодруулбал 101:98-аар өрсөлдөгчөө буулган авснаар улирлыг хоёр дараалсан хожлоор эхлүүллээ. Ш.Энхийн-Од энэ тоглолтод сэлгээнээс талбайд гарахдаа 12 оноо, 1 самбараас бөмбөг авч, 1 оновчтой дамжуулалт, 2 хаалт гүйцэтгэв. Харин багийн андуудаас нь Малаки Бранхэм 30 оноо авсан Рики Консил 24 оноо, 12 самбараас бөмбөг авч, тэргүүллээ. Эсрэг багаас Эрик Диксон 20, Карим Лопез 16 оноо авсан ч багаа хожилд хүргэж чадсангүй. "Osceola Magic" багийн дараагийн тоглолт орон нутгийн цагаар энэ сарын 12-нд "Mexico City Capitanes" багийг талбайдаа хүлээн авах хуваарьтай.

Read full article → Compare