18 жилийн түүхтэй Гашуунсухайтын төмөр замын гэрээгээр гутлаа тосолж очоод шалгуулах улстөрчдийн жагсаалт
Өдгөөгөөс долоон жилийн өмнө төрийн нууцад орж, 2022 онд нүүрсний жагсаалын үеэр нийтэд ил болсон “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн байгуулсан есөн оффтейк гэрээний дуулиан дуусахгүй үргэлжилсээр байна. 2022 онд Засгийн газрын шийдвэрийн дагуу нууцаас гаргасан эдгээр гэрээн дунд хамгийн их эзэн холбогдогчтой, олон жилийн арвин түүхтэй, их мөнгөн дүнтэй, хууль бусыг агуулсан хоёр том гэрээ нь “Бодь интернэшнл” группын нэр холбогдсон “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гэрээ”, “Богд хан төмөр замын гэрээ”-нүүд билээ. Энэ хоёр гэрээний хамгийн том нь буюу “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих гэрээ”-г улсын нууцад оруулж, “Бодь интернэшнл”-д давуу байдал бий болгосон, авлига авсан улстөрчдийн дуулиан дахин үргэлжилж, нэр холбогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажлаа өгч, нэр төрөө сэргээлгэхээр болсон нь гэрээг олон нийтийн анхаарлын төвд дахин авчирлаа.