Хаити дахь дээрэмчдийн бүлгийн толгойлогчийн харшийг устгаснаа Эль Сальвадор улсын ерөнхийлөгч зарлажээ
El Salvador's President Nayib Bukele said on Wednesday that his soldiers destroyed the luxury villa of a gang leader known as Jeff who operates in Haiti. Bukele described Jeff as an influential head of a criminal group. It is unclear whether Jeff survived. Bukele posted a video on social media that begins with Jeff standing in front of the villa.
Лхагва гарагт Эль Сальвадор улсын ерөнхийлөгч Найиб Букеле өөрийн цэргүүд нь Хаити улсад үйл ажиллагаа явуулдаг гэмт хэргийн бүлэглэлийн нөлөө бүхий толгойлогч Жэфф гэгчийн тансаг харшийг устгасан тухай мэдээлжээ. Уг толгойлогч өөрөө амьд үлдсэн эсэх нь тодорхойгүй байна. Букеле сошиал хуудсандаа нэгэн дүрс бичлэг нийтэлсэн бөгөөд уг бичлэгт эхлээд Жэфф харшийнхаа өмнө зогсож буй хуучин дүрсийг харуулж, дараа нь Эль Сальвадорын нисдэг тэрэгнүүд тус байгууламж руу давшиж, цувралаар гал нээж буйг харуулжээ. Энэ үед Жэффийн харшаас их хэмжээний утаа олгойдон гарч байв. "Вертьерын тулалдааны ойн өдрийг тохиолдуулан Хаитийн ард түмэнд барьсан миний бэлэг" хэмээн Букеле үүнийгээ тайлбарлажээ. 1803 онд болсон уг тулалдаан нь Хаити улс Францаас тусгаар тогтнолоо олж авахад, мөн дэлхийн анхны хар арьстнуудын бүгд найрамдах улс болон байгуулагдахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн түүхэн үйл явдал юм. Kado mwen pou pèp ayisyen an nan anivèsè Batay Vètyè a ❤️ https://t.co/z3TO3UurAT — Nayib Bukele (@nayibbukele) November 18, 2026 Эль Сальвадорын цэргүүдийн явуулсан энэ ажиллагаанд Хаитийн цагдаа, арми оролцсон эсэх нь одоогоор тодорхойгүй байна. НҮБ-ын дэмжлэгтэйгээр байгуулагдсан Хаитийн гэмт бүлэглэлүүдтэй тэмцэх олон улсын хүчнийхэн уг ажиллагаанд оролцоогүйгээ мэдэгджээ. Жэфф бол Хаити дахь хамгийн хүчирхэг гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогчдын нэгд тооцогддог. Түүний жинхэнэ нэрийг Жэфф Лароз гэдэг ч "Жэфф Канаан", "Жэфф Гво Лва", "Талибан" зэрэг нэрээрээ танигдсан нэгэн юм. Хэдэн зуун гишүүнтэй, "Талибан" гэж нэрлэгддэг түүний бүлэглэл Хаити улсын нийслэл Порт-о-Пренс хотын хойд хэсэгт орших Канаан нэртэй бүс нутгийг удаан хугацааны турш хяналтдаа байлгасаар иржээ. Олон улсын хямралын бүлгийн (International Crisis Group) Хаити хариуцсан шинжээч Диего Да Рин "Энэ бол хамгийн сайн зохион байгуулалттай, газар нутгийн хяналтаа хамгийн чанд барьдаг бүлэглэлүүдийн нэг" гэж тодорхойлсон байна. Да Риний үзэж буйгаар Жэффийн харш руу хийсэн энэхүү дайралт нь Букелегийн явуулж буй ажиллагааны дараагийн алхам бололтой. Жэфф уг харшийг 2024 оны дунд үед барьсан бөгөөд дотор нь өөрийн лого бүхий усан сан хүртэл байгуулсан байдаг. "Үүнийг хиймэл дагуулаас хараад танихад маш амархан. Энэ бол түүний зүгээс эрх баригчдыг илт сорьсон үйлдэл байлаа" хэмээн Да Рин хэлжээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ Жэфф энэ үеэр гэртээ байгаагүй байх магадлалтай, алагдсан ч дээрэмчдийн аюулыг сулруулж чадахгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Жэффийн бүлэглэл нь Порт-о-Пренс хотын хойд болон зүүн зүгт байрладаг, бусад хот, сууринтай холбодог гол замуудыг хянадаг бөгөөд зорчигчдоос авдаг замын хураамж нь тэдний орлогын гол эх үүсвэр болдог ажээ. Орон нутгийн дээрмийн бүлэглэлүүдийн хяналтад ихэнх хэсэг нь орсон Хаити улсад дэг журам тогтоохын тулд НҮБ-ын мандаттай олон улсын зэвсэгт хүчин үүрэг гүйцэтгэж байгаа юм. Аравдугаар сарын 18-ны өдөр уг хүчний харьяанд багтдаг Эль Сальвадорын дөрвөн алба хаагч гэмт хэргийн бүлэглэлийн хяналтад байдаг бүс нутгийн гүнд явж байгаад халдлагад өртжээ. Букеле иргэдээ аврахын тулд Хаити улсад тусгай хүчний 2,500 орчим цэргээ илгээсэн юм. Гэвч сураггүй болсон хүмүүсийг тэд одоо болтол олоогүй байна. Эх сурвалж: Associated Press