Алдарт дасгалжуулагч Фил Жексонд зориулж хүрэл хөшөө босгохоо "Лэйкерс" зарлав

Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-ны "Лос Анжелес Лэйкерс" багийн зүгээс алдарт дасгалжуулагч Фил Жексонд зориулсан хүрэл хөшөө босгохоо мэдэгдлээ.

Майкл Жорданы эрин үед "Чикаго Буллз" багийг дасгалжуулан лигийн аваргаар зургаан удаа, хожим "Лос Анжелес Лэйкерс"-т таван удаа, тоглогч байхдаа хоёр удаа түрүүлсэн Филд зориулсан хөшөөний нээлтийг 2027 оны дөрөвдүгээр сарын 9-нд хийхээр төлөвлөсөн байна.

Энэ сарын 17-нд 81 нас хүрэх Фил "Лэйкерс"-ийн зүгээс хөшөөг нь босгож байгаа ес дэх хүн нь болох юм. Түүнээс өмнө тоглогчийн хувьд Карим Абдул Жаббар, Коби Брайант, Мэйжик Жонсон, Шакил Онил болон тоглогч байгаад хожим удирдах алба хашсан Элжин Бэйлор, Пат Райли, Жэрри Уэйст болон нэрт тайлбарлагч Чик Херн нарын хөшөөг босгосон юм.

Коби Брайантын хоёр хөшөө ордны гадаа сүндэрлэж байгаа бол гурав дахь хөшөөний товыг тун удахгүй зарлахаар төлөвлөж байгаа. Харин Пат Райлигийн хөшөөг өнгөрсөн хоёрдугаар сард байрлуулж байв.

Фил Жексон "Лэйкерс"-ийг 1999-2011 оны хооронд 11 улирал дасгалжуулахдаа бүгдэд нь хасагдах шатанд өрсөлдүүлж байсан юм. Түүний удирдлага дор баг нь долоон удаа шигшээд шалгарч байжээ.

Эх сурвалж: Reuters

Read full article →