Тэрбишийн АРИУНЗАЯА залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА боллоо

ikon.mn · world

Өнөөдөр жүдогийн залуучуудын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Узбекистаны Ташкент хотноо эхэлсэн юм. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдсөн Тэрбишийн Ариунзаяа алтан медаль хүртлээ. Энэ жинд эмэгтэйчүүдээс хамгийн олон буюу 44 тамирчин хүч үзэхэд Т.Ариунзаяа "С" хэсэгт сугалаа таарч, эхний даваанд хийлсэн бол хоёрдугаар тойрогт Туркменистаны Медин Оразниязоваг, дараагийн шатанд Узбекистаны Маматова Райхонаг буулган авсан. Улмаар хэсгийн аваргын төлөө Венесуэлийн Одрис Пачеког, хагас шигшээд Азербайжаны Хадижа Гадашоваг ялсан бол алтан медалийн төлөө Киргизийн Жанар Жолдошеваг илүүрхлээ. Т.Ариунзаяа ийнхүү өсвөр, залуучуудад түрүүлсэн анхны Монгол жүдоч болж байна. Өдгөө 18 настай манай жүдоч 2024 онд Перугийн Лима хотноо болсон өсвөрийн ДАШТ-д түрүүлж байсан билээ. Сонирхуулахад манай улсаас жүдогийн залуучуудын ДАШТ-ээс өмнө нь хоёр алт, долоон мөнгө, найман хүрэл медаль хүртсэн түүхтэй. Монгол Улсын Гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр, Л.Сосорбарам нар алтан медаль хүртэж байсан бол Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг, Ц.Цогтбаатар нар хошой мөнгө, Л.Энхрийлэн, Ц.Наранжаргал нар мөнгө, Б.Амартүвшин хошой хүрэл, Б.Мөнгөнчимэг, Б.Ганбаатар, Б.Тэмүүлэн, Г.Наранцэцэг, Ж.Амарболд, Л.Өнөболд нарын 13 жүдоч медаль зүүсэн юм.

Read full article → Compare