"Сургуулийн орчинд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ"
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга О.Нямдаваагийн танилцуулснаар энэ онд бүртгэгдсэн гомдол мэдээлэл өмнөх оны мөн үеэс 10 хувиар буурсан байна. Үүнд хулгайлах гэмт хэргийнх 33 хувиар, залилах 16.2 хувиар, гэр бүлийн хүчирхийллийнх 53 хувиар, дээрэмдэх 6.7 хувиар тус тус буурчээ. Харин гэмт хэргийн илрүүлэлт 10 хувиар өсжээ. Хамгийн өндөр хувьтай нь хулгайлах гэмт хэргийн илрүүлэлт байна. “Олон нийтийн цагдаа”, “Хүүхэд хамгаалагч цагдаа”, “Оюутан цагдаа”, Гол усны аюулаас урьдчилан сэргийлэх эргүүл зэрэг иргэдийн оролцоотой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр 4,300 орчим зөрчлийг илрүүлэн таслан зогсоож, төөрсөн 34 хүүхдийг ар гэрт нь хүлээлгэн өгч, гадаадын 14,000 орчим иргэнд туслалцаа үзүүлсэн зэрэг үр дүн гарчээ. "Цаашид олон нийтэд түшиглэсэн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, илрүүлэх ажилд техник, технологийн дэвшил, ухаалаг программ хангамжийг ашиглах, сургуулийн орчинд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх зэрэг иргэдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодит үр дүнтэй төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ" гэв. Эх сурвалж: НИТХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба