Шинжээчид Монгол Улсын эдийн засгийн 2027 оны ерөнхий төлөвийг уул уурхайгаас илүүтэй УЛС ТӨР тодорхойлно гэж дүгнэжээ
Монголын бодлого боловсруулагчид, бонд гаргагчид, тэргүүлэх компаниуд, санхүүгийн байгууллагуудыг олон улсын институциональ хөрөнгө оруулагчидтай шууд холбох зорилготой “Mongolia Investment Forum” (MIF) буюу Монголын Хөрөнгө Оруулалтын Форум нь энэ сарын 18-ны өдөр Сингапур улсад амжилттай болж өндөрлөлөө. Тус форумыг зохион байгуулж буй байгууллага болох "Capital Markets Mongolia" (CMM)-нь Монголын компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлэх болон олон улсын санхүүгийн төвүүдэд зохион байгуулдаг "Монголын Хөрөнгө Оруулалтын Форум"-аараа дамжуулан Монголыг дэлхийн хөрөнгө оруулагчдад танилцуулах, Монголын хөрөнгийн зах зээлийн талаар бие даасан дүн шинжилгээ хүргэх зэрэг үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг аж. Хөрөнгө оруулалтын форумын үеэр тэд “Mongolia Outlook 2027” тайлангаа танилцуулав. CMM-н шинжээчид тус тайландаа мэдээлснээр, Монгол Улсын эдийн засгийн 2027 оны ерөнхий төлөвийг уул уурхайгаас илүүтэй улс төр тодорхойлно гэж дүгнэжээ . Зах зээлийн гол тоо баримтын талаар тэдний сүүлийн гаргасан тайлангийн хураангуй: Эдийн засаг ДНБ-ий бодит өсөлт 2026 оны эхний хагаст 7.7% байсны тал орчмыг уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбар бүрдүүлсэн, уул уурхайн салбарын бүтээгдэхүүн 31.5%-иар өссөн. Инфляц X сард 13.4% хүрч, сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрсэн. Монголбанк бодлогын хүүг 8 дугаар сард 12.5% болгон нэмэгдүүлсэн. Гадаад валютын нөөц IX сард 8.9 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд түвшинд хүрсэн. Засгийн газрын өр ДНБ-ий 40 орчим хувь болж буурсан (2024 онд 45%). S&P, Moody’s, Fitch гурвуулаа Монгол Улсыг сүүлийн 10 гаруй жилийн хамгийн өндөр зэрэглэлээр (BB-/B1/B+) үнэлж байна. 2025 онд зэс 2016 оноос хойш анх удаа нүүрсийг гүйцэж экспортын тэргүүлэх бүтээгдэхүүн болсон. 2026 оны эхний 10 сард зэсийн баяжмалын экспорт 68%-иар өсч 7.6 тэрбум ам.долларт хүрсэн. Бондын зах зээл Одоогоор Монголын 11 байгууллагын гаргасан 23 бонд олон улсын зах зээлд арилжаалагдаж байгаа бөгөөд нийт дүн нь 6.51 тэрбум ам.доллар. 2026 оны 1-11 сард Монголын байгууллагууд олон улсын зах зээлээс бондоор 2.35 тэрбум ам.доллар татсан нь 2012 оноос хойших хамгийн өндөр дүн. Үүний 79%-ийг Засгийн газар бус, банк, төрийн өмчит болон хувийн компаниуд гаргасан. 2027 онд нийт 1.59 тэрбум ам.долларын бондын хугацаа дуусна. Хөрөнгийн зах зээл, банк Монголын хөрөнгийн биржийн (МХБ) нийт зах зээлийн үнэлгээ 2025 оны эцэст 13.9 их наяд төгрөг (3.9 тэрбум ам.доллар) буюу ДНБ-ий 15%-тай тэнцэж байв. Биржийн бус (OTC) зах зээлд компаниуд 2026 оны 1-9 сард бонд гаргаж, 2.3 их наяд төгрөгийн санхүүжилт татсан нь өмнөх оны мөн үеэс 2.5 дахин их байна. Банкны салбарын нийт актив 2026 оны 9 дүгээр сарын байдлаар 94.9 их наяд төгрөгт хүрч, жилийн өмнөхөөс 26%-иар өссөн. Энэ нь хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээнээс тав дахин их бөгөөд Монголын компаниуд санхүүжилтээ голчлон банкнаас авсаар байгааг харуулж байна. Сүүлийн хэлцлүүд 2026 онд Засгийн газар, Голомт банк тус бүр 500 сая, Монголын Хөгжлийн банк нэмэлт гаргалтын хамт 750 сая ам.долларын бонд олон улсын зах зээлд гаргасан. Мөн X сараас хойш Монголын банкууд олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагуудаас дараалан урт хугацааны санхүүжилт татаж байна. Тухайлбал ХААН банк IFC-ээс 210 сая ам.доллар, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (AIIB)-аас 130 сая ам.доллар, хэд хэдэн хөгжлийн санхүүгийн байгууллагаас хамтран 172 сая ам.доллар, Голомт банк FinDev Canada-аас 50 сая ам.доллар, Богд банк BlueOrchard-аас 15 сая ам.долларын санхүүжилт тус тус авчээ. Оюу Толгойн ногдол ашгийг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө олгох магадлалтай ч төсөвт тусгасан 3 их наяд төгрөгөөс бага байх төлөвтэй Тайлангийн гол хүлээлтүүд: Эдийн засгийн өсөлт 2026 оны уул уурхайн огцом өсөлт намжихын хэрээр 2027 онд 5% орчим болж саарна. Инфляц буурах боловч зорилтот түвшнээс дээгүүр хэвээр байх тул Монголбанк бодлогын хүүг 2027 оны дунд хүртэл хэвээр хадгалах магадлалтай. Бондын зах зээлд 2027 оны гаргалт голчлон хугацаа нь дуусах бондуудыг дахин санхүүжүүлэхэд чиглэх тул нийт дүн 2026 оныхоос бага байна. Оюу Толгойн ногдол ашгийг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө олгох магадлалтай ч төсөвт тусгасан 3 их наяд төгрөгөөс бага байх төлөвтэй. Эрчим хүчний хангамж 2026-2027 оны өвөл хүндрэлтэй хэвээр байна. Шинэ хүчин чадлын ихэнх нь 2028 оноос өмнө ашиглалтад орохгүй.