Хиймэл дагуулаас авсан шинэ зураг Африкийн зарим хотууд хурдтай живж байгааг харуулжээ
A new study shows that some major African cities are sinking faster than previously thought. Scientists used radar images from the European Space Agency's Sentinel-1 satellite to study how much the ground moved beneath 20 coastal cities in Africa. The study points to cities including Lagos in Nigeria and Alexandria in Egypt.
Африкийн зарим томоохон хотууд өмнө нь бодож байснаас хурдан живж байгааг шинэ судалгаа харуулж байна. Эрдэмтэд Европын сансрын агентлагийн Sentinel-1 хиймэл дагуулын радарын зургийг ашиглан Африкийн эргийн 20 хотын доорх хөрс хэр их хөдөлснийг судалжээ. Судалгаагаар Нигерийн Лагос, Египетийн Александриа зэрэг зарим хотууд НҮБ-ын уур амьсгалын байгууллага болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Засгийн газар хоорондын зөвлөл (IPCC)-ийн 2021 онд тооцоолсноос хамаагүй хурдан живж байгаа нь тогтоогдсон байна. Энэхүү живэх буюу суух үзэгдлийн зарим шалтгаан нь байгалийн гаралтай боловч олонх нь хүний үйл ажиллагааны үр дүн, тухайлбал газрын гүний ус олборлолттой холбоотой гэж эрдэмтэд дүгнэжээ. Судлаачдын ахлагч Олувасейи Дашо суултын нөлөө нь "өдөр тутмын амьдралд мэдрэгдэхгүй боловч хэдэн арван жилийн турш үерийн эрсдэлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж болзошгүй" хэмээн анхааруулсан байна. Учир нь газрын хөрс суух үед далайтай харьцах түвшин доошилдог. Тус судалгааны тайланд 2050 он гэхэд долоон сая хүн, нэг сая барилга байгууламж, $180 тэрбумын хөрөнгө үер усны эрсдэлд орох магадлалтай гэж тооцоолжээ. Өмнө нь хяналтын станцууд ховор байдаг гэсэн шалтгаанаар эрдэмтэд Африк тивийн газрын хөдөлгөөний мэдээллийг авахад саадтай тулгарч байсныг Дашо тайлбарласан байна. Тэгвэл хиймэл дагуулын өгөгдлийг ашигласан Виржиниа Технологийн Хүрээлэнгийн судлаачид жилд 1 мм хүртэл жижиг хэмжээний газрын хөдөлгөөнийг илрүүлж чаджээ. Судлаачдын мэдээлснээр Sentinel-1 хиймэл дагуул дэлхийн бүс нутаг бүрийн дээгүүр зургаагаас арван хоёр хоног тутамд нисэж өнгөрдөг юм байна. Ингэхдээ газарт дохио илгээж, ойлтыг нь буцаан хүлээж авдаг бөгөөд энэ хоорондын хугацааг бүртгэх замаар газар хэр их хөдөлснийг хэмждэг гэнэ. Александрия болон Лагос хотуудын доорх хөрс жилд дунджаар 6 мм ба 5 мм-ээр тус тус живж байгааг ийм аргаар тогтоожээ. Хэрэв энэ хурдаар үргэлжилбэл Александриа орчмын далайн түвшин 2050 он гэхэд IPCC-ийн таамаглаж байснаас 36%-иар илүү нэмэгдэх юм байна. Анголын Луанда хот мөн мэдэгдэхүйц живсэн бол Өмнөд Африкийн Дурбан зэрэг бусад хотууд тогтвортой байгаа буюу багахан хэмжээгээр живсэн нь судалгаанаас харагджээ. Хүний үйл ажиллагаатай холбоотой суултын нөлөөг орон нутгийн эрх баригчдын зөв бодлогын үр дүнд хязгаарлаж болно гэж судлаачид үзэж байна. Үүний нэг гол шалтгаан нь хурдацтай хөгжиж буй хотуудын усны хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотой гэнэ. Газрын гүнээс хэт их ус олборлох нь хөрсний нягтралыг сулруулж, гадаргууг живэхэд хүргэдэг байна. Нил мөрний Асуаны далан нь Александриа хотыг чиглэсэн урсгалыг боож, газрын гүний ус нөхөгдөхөд саад учруулж байж магадгүйг судалгаанд дурджээ. Лагос хотод далай дээр хиймэл арлууд бий болгож, сул газар дээр барилга байгууламж барих нэмэгдсэн нь суултын бусад шалтгаануудын нэг байж болзошгүй гэж үзэж байна. Эх сурвалж: BBC