Б.Одбаяр: Зургаан дүүргийн орон сууцны хороолол доторх 17 гаруй километр авто замыг засаж, шинэчлэх ажил үргэлжилж байна

Нийслэлд хэрэгжиж буй авто замын засвар, шинэчлэлийн ажлын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр танилцуулав.

Түүний мэдээлснээр 2026 онд нийт 32.14 км авто замыг засаж, шинэчилж байгаа бөгөөд Сэлх, Дамбадаржаагийн уулзвараас Бэлхийн эцэс, Монелийн авто зам гэсэн гурван байршилд 14.54 километр гол болон туслах гудамж замын засвар шинэчлэлтийг бүрэн гүйцэтгэж дууссан байна.

Харин нийслэлийн төвийн зургаан дүүрэгт орон сууцны хороолол доторх 17.6 км замыг засаж, шинэчлэх ажил үргэлжилж байгааг мэдээлэв.

Энэ онд авто зам, замын байгууламж шинээр барих болон шинэчлэлтэд Замын сангийн хөрөнгөөс ₮160.8 тэрбум, нийслэлийн есөн дүүргийн авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтад ₮50.6 тэрбумыг зарцуулахаар нийслэлийн төсвийг баталжээ.

Тухайлбал Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн эцэс хүртэлх авто зам ₮4.1 тэрбум, Бэлхийн авто замаас Сэлхийн эцэс хүртэлх авто зам ₮4.5 тэрбум, Монелийн авто замын засвар, шинэчлэлийн ажил ₮6.3 тэрбумын төсөвтэй байна.

Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын хамт олон Сэлбэ хотын бүтээн байгуулалттай холбоотойгоор 100 айлын торлог зам, орон сууцны хороолол доторх замууд, олон түвшний уулзвар төслийг эрчимжүүлэхэд анхаарч, 2027 оны авто замын засвар, шинэчлэлийн ажлуудыг сайтар төлөвлөх үүрэг авчээ.

Read full article →