“Эрх чөлөө 250: Америкийн технологийн долоо хоног” амжилттай болж өндөрлөв

ikon.mn · tech

УЛААНБААТАР ХОТ, Монгол Улс – Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (“АмЧам Монгол”) АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран, 2026 оны 9-р сарын 7-оос 11-ний өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулсан "Америкийн Технологийн Долоо хоног 2026" арга хэмжээ амжилттай болж өндөрлөв. Уг арга хэмжээгээр Америкийн инновац, технологийн салбар дахь хөгжил дэвшлийг толилуулав. Долоо хоногийн турш үргэлжилсэн энэхүү арга хэмжээ нь Америкийн Нэгдсэн Улс байгуулагдсаны 250 жилийн ой, мөн “АмЧам Монгол”-ын байгуулагдсаны 15 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хийгдсэн ажлуудын нэг хэсэг байлаа. Уг арга хэмжээний хөтөлбөрийн гол зорилго нь технологийн салбарын манлайлагч, хувийн хэвшлийн салбарын лидерийг Монгол Улсад урьж авчрах явдал байсан бөгөөд “Интел” корп.-ийн Бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Хатагтай Жейн Станкавэжийг сонгон, АНУ-аас зочин илтгэгчээр энэ арга хэмжээнд урилгаар оролцуулсан болно. Айлчлалын хүрээнд тэрээр МУ-ын Засгийн газрын өндөр албан тушаалтнууд, Улсын Их Хурлын гишүүд, холбогдох яам болон агентлагийн албан тушаалтнуудад бараалхаж, ажил хэргийн уулзалтад оролцохын зэрэгцээ АмЧам-ын гишүүн компаниудаар зочлов. Мөн түүнчлэн симпозиум хэлэлцүүлэгт илтгэл тавьж, салбарын төлөөлөгчид, бодлого боловсруулагчид, дипломатчидтай хиймэл оюун ухааны салбарын талаар буюу Монгол Улсын өсөн нэмэгдэж буй эдийн засагт авчрах боломж, эрсдэлийн тухай хэлэлцүүлэгт санал бодлоо хуваалцав. Зочин илтгэгч нь дэлхийн хамгийн том, тэргүүлэгч компьютер, технологийн компаниудын нэг болох Интел Корп.-д Бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг. Тэрээр хиймэл оюун ухаан, өгөгдөл, холболтын технологи (5G, 6G, Wi-Fi), кибер аюулгүй байдал, квант тооцоолол, тойрог эдийн засаг зэрэг чиглэлээр “Интел” корпорацын олон улсын бодлогыг тодорхойлдог шинжээчдийн багийг удирддаг. Өмнө нь тэрээр “Интел”-ийн бизнесийн нэгжүүдийг уялдуулж, зөөврийн компьютерт “Wi-Fi” технологийг нэвтрүүлэх ажлыг хариуцаж байв. Тэрээр АНУ-ын Харилцаа Холбооны Сургалтын Институт болон Олон Улсын Үүрэн Холбооны Ханган Нийлүүлэгчдийн Байгууллагын (GSA) удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд өмнө нь “Wi-Fi” Холбооны удирдах зөвлөлд ажиллаж байсан. Мөн АНУ-ын Холбооны Харилцаа Холбооны Хороо (FCC)-ны зөвлөх хороо болон “OECD.AI”-ийн шинжээчдийн бүлгийн гишүүн юм. Жейн бакалавр болон магистрын зэргээ Массачусетсийн Технологийн Институтэд (MIT) хамгаалсан. Хатагтай Станкавэжийг Монгол Улсад айлчилсан явдлыг бид өндрөөр үнэлэхийн зэрэгцээ, "Америкийн Технологийн Долоо хоног" арга хэмжээг амжилттай зохион байгуулахад гүн хувь нэмрээ оруулсан бүх түнш, оролцогч талуудад талархал илэрхийлье. Арга хэмжээг хамтран зохион байгуулсан АНУ-ын Элчин сайдын яам, Элчин сайд Ричард Л.Буанган болон Олон нийттэй харилцах албаны хамт олонд мөн талархал илэрхийлье. Энэхүү арга хэмжээг АНУ-ын Илтгэгчийн Хөтөлбөр (U.S. Speaker Program)-ийн туслалцаатай зохион байгуулсан болно. Уг хөтөлбөр нь АНУ-ын нэр хүнд бүхий олон төрлийн салбарын мэргэжилтнүүдийг гадаадын шийдвэр гаргагчид болон бизнесийн удирдагчидтай холбож, хамтын бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг ахиулах зорилготой олон нийтийн дипломат санаачилга юм. Уг хөтөлбөр эдийн засгийн хөгжлөөс авхуулаад шинэ дэвшилтэт технологи хүртэлх олон сэдвүүдээр АНУ-ын мэргэжлийн туршлагад тулгуурлан, Америк болон гадаад түншүүдийн хоорондын харилцааг бэхжүүлэхэд оршдог. АмЧам Монголын тухай АмЧам Монгол АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

Read full article →