ИНФОГРАФИК: ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн дурсгалт газрын тоо улс тус бүрээр
Түүхэн эртний хотууд, археологийн туурь балгаснаас эхлээд ой хөвч, сүрлэг уулс, дахин давтагдашгүй экосистем гэх мэт хүн төрөлхтний хувьд онцгой, үнэ цэнтэй газруудыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн дурсгалт газрын жагсаалтад бүртгэдэг. Энэхүү графикт улс орнуудыг 2026 оны байдлаарх ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн дурсгалт газрын тоогоор дүрслэн харуулав. Тэргүүлэгч Итали (62), Хятад (61) улсуудын ард Франц (56), Герман (55), Испани (50) улсууд эхний тавд багтаж байна. Энэтхэг улс 45 дэлхийн өвийн дурсгалт газартайгаар зургаадугаар байранд оржээ. Манай улсын хувьд нийт 7 газрыг дэлхийн өвд бүртгүүлээд байна. Энэ нь нийт дурсгалт газраа бүртгүүлсэн 173 улсаас 53-61 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна. Увс нуурын ай сав газар (2003) Дагуурын ландшафт (2017) Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004) Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор (2011) Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг (2015) Буган хөшөө бүхий хүрлийн үеийн цогцолбор (2023) Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор (2026) Яагаад Европ болон Ази тивийнхэн энэ жагсаалтад тэргүүлдэг вэ? Италийн тэргүүлэгч байр суурь нь Ромын эртний үе, дундад зууны хотууд, Сэргэн мандалтын үеийн урлаг, архитектур зэрэг соёлын өв маш нягт төвлөрсөнтэй холбоотой. Тус улсын жагсаалтад байгалийн өв, хүн ба байгаль харилцан нөлөөлж бий болгосон соёлын дурсгалууд ч багтдаг. Энэ нь ЮНЕСКО-гийн үнэлгээ зөвхөн алдартай хөшөө дурсгалаар хязгаарлагддаггүйг харуулна. Хятадын 61 дурсгалт газар мөн адил хэдэн мянган жилийн түүхийг байгалийн үзэсгэлэнт газруудтай хослуулан харуулдаг. Эзэн хаадын үеийн болон шашны өв, археологийн дурсгалуудаас гадна биологийн олон янз байдлын чухал бүсүүд, карст тогтоц, уулын бүс нутгууд ч тус улсын Дэлхийн өвд багтдаг. Ерөнхийд нь авч үзвэл, Европ, Ази хоёр тив нийлээд газрын зурагт харуулсан нийт дурсгалт газруудын 70 гаруй хувийг эзэлж байна. ЮНЕСКО тухайн газар нь “онцгой түгээмэл үнэ цэнтэй” гэдгийг нотолж, сонгон шалгаруулалтын 10 шалгуурын дор хаяж нэгийг хангасан байхыг шаарддаг. Эдгээр шалгуурт хүн төрөлхтний бүтээлч суут ухааны гайхамшигт бүтээлээс эхлээд биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой онцгой амьдрах орчин хүртэл багтана. Дэлхийн өвийн дурсгалт газар гэж юу вэ? ЮНЕСКО Дэлхийн өвийн дурсгалт газруудыг соёлын, байгалийн, хосолмол гэсэн гурван төрөлд ангилдаг. Соёлын өв: Хөшөө дурсгал, археологийн дурсгалт газар, хүний үйл ажиллагааны үр дүнд бий болсон соёлын ландшафт зэрэг багтана. Байгалийн өв: Онцгой геологийн тогтоц, экосистем, амьдрах орчин, гайхамшигт байгалийн үзэсгэлэнт газар нутгийг хамарна. Хосолмол өв: Соёлын болон байгалийн аль алиных нь шалгуурыг хангадаг газар. Жишээлбэл, Мачу-Пикчу. Улс орнууд дурсгалт газруудаа бүртгүүлэхээр нэр дэвшүүлдэг. Гэвч эцсийн шийдвэрийг олон улсын зөвлөх байгууллагуудын үнэлгээний үндсэн дээр Дэлхийн өвийн хороо гаргадаг.
Read full article →