Эрүү шүүлт тулгах гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан есөн хүнд холбогдох хэргийг прокурорын байгууллага хянажээ

ikon.mn · world

Прокурорын байгууллага 2026 оны эхний найман сард эрүү шүүлт тулгах гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан есөн хүнд холбогдох таван хэрэгт хяналт тавьжээ. Улмаар долоон хүнд холбогдох гурван хэрэгт Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн нэг дэх хэсэг (Эрүү шүүлт тулгах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд шилжүүлсэн хэргээс нийт хоёр хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлээд байгааг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэрэг өмнөх оноос нэг хэрэг буюу 16.6 хувиар, шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн хэрэг өмнөх оноос дөрвөн хэрэг буюу 66.6 хувиар тус тус буурчээ. Эрүүгийн хууль 21.12 дугаар зүйл. Эрүү шүүлт тулгах Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Read full article →