Хилийн чанадад Украины холбоотнуудын амь насанд халдахыг завдсан хэрэгт Орос улсыг АНУ буруутгав

ikon.mn · world

АНУ-ын хууль зүйн яам ОХУ-ыг АНУ болон Европ дахь Украины холбоотнуудын амь насанд халдахаар төлөвлөсөн хэрэгт буруутгажээ. Өчигдөр гаргасан мэдэгдэлдээ тус яам Оросын тагнуулын албадтай холбоотой байж болзошгүй таван эрэгтэйг яллагдагчаар татаж байгаагаа зарласан юм. Тэднийг АНУ болон бусад улсуудад байгаа хүмүүст мөнгө төлөх замаар “Украины талд зогсдог” хүмүүсийг алуулахыг оролдсон гэж буруутгажээ. Ерөнхий прокурор Тод Бланш “Америкийн дайснууд Америкийн нутаг дэвсгэрт хүчирхийлэл, терроризм үйлдэхээс сэргийлэх нь бидний үүрэг юм” гэж мэдэгдсэн байна. Буруутгагдаж байгаа хүмүүс одоогоор баривчлагдаагүй, сул чөлөөтэй байгаа гэнэ. Мөн тэд аль улсын нутаг дэвсгэрт байгааг мэдээлээгүй юм. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос сэтгүүлчид энэ талаар тодруулахад Орос улс “ямар нэг итгэл үнэмшил төрүүлэхүйц баримт нотолгоо” сонсох, харах хүртлээ энэ талаар тайлбар өгөхгүй гэж хариулжээ. Дээрх этгээдүүд терроризмыг санхүүжүүлэх хуйвалдаанд оролцсон хэрэгт буруутгагдаж байгаа бөгөөд энэ хэрэг дээд тал нь 20 жилийн хорих ялтай байдаг. Яллагдагчдын гурав нь “Оросын тагнуулын сүлжээний өндөр албан тушаалтнууд” болохыг АНУ-ын хууль зүйн яам баталжээ. Тухайлбал тэдний дунд эцэг, хүү хоёр болох 63 настай Юрий Храмеев, 27 настай Кирилл Храмеев нар байгаа гэнэ. Эцэг Храмеев нь Оросын тагнуулын албаны хурандаа байсан хүн бол хүү нь Оросын Холбооны Аюулаас Хамгаалах Албаны (ФСБ) офицер юм байна. Өндөр албан тушаалтай гурав дахь хүн нь Кубын иргэн, 35 настай Оемис Ромагоза Дуррути бөгөөд АНУ-ын тал түүнийг “ОХУ-д амьдардаг, тэнд амьдардаг Кубын иргэдийн хүрээнд нөлөө бүхий хүн, Оросын тагнуулын албаны захиалгаар халдлага зохион байгуулж байсан” гэж тодорхойлжээ. Бусад хоёр яллагдагч нь 35 настай Яйдел Делгадо Суарес, 22 настай Анхель Эдуардо Кастро нар юм байна. Тэднийг АНУ-д амьдардаг хүмүүсийг элсүүлэх замаар АНУ-д амьдардаг Оросын сөрөг үзэлтнүүдийг тагнан мөрдөх, амь насыг нь хөнөөхийг завдсан хэрэгт буруутгажээ. Холбооны Мөрдөх Товчооны төлөөлөгч Жэймс Барнакл мэдэгдэлдээ Суаресыг шинээр элсүүлсэн хүмүүсээ хохирогчтой холбоотой хоёр байрлал руу “тодорхой даалгавар өгч, тагнуулд явуулсан” гэж буруутгасан байна. Үүний хариуд $1,000-$1,500-ын хооронд ажлын хөлс санал болгож байжээ. Хэрвээ хөлслөгдсөн этгээд хохирогчийг “устгаж” чадвал Суарез, Кастро нар $40,000 төлөхөд бэлэн байгаагаа амласан гэнэ. Гэвч элсүүлсэн этгээд даалгаврыг гүйцэтгэж чадаагүй тул Суарез өөр хэд хэдэн хүнийг элсүүлэхийг оролдож байжээ. Өөр нэг жишээнд дурдсанаар бага Храмеев 2025 онд Литва улсад “Оросын талаар худал мэдээлэл тарааж байсан” хүнийг тагнаж, устгуулахаар АНУ-ын иргэнийг элсүүлж байсан гэнэ. Элсүүлсэн этгээдэд ахмад Храмеев $25,000-ын хөлс санал болгож байсныг баримтаар тогтоожээ. Европын бусад улсуудын тагнуулын албад бас нутаг дэвсгэр дээр нь аллага зохион байгуулахыг завдсан Оросын нууц ажиллагаануудыг илрүүлснээ өмнө нь зарлаж байсан. Тухайлбал өнгөрсөн сард Польшийн ерөнхий сайд Дональд Туск ийм нэг ажиллагааг илрүүлснийг мэдээлсэн юм. Энэ тохиолдолд Путиний дэглэмд таагүй ханддаг Америк-Украины давхар иргэнийг Варшав хотод алахыг завдаж байжээ. 2024 онд АНУ-ын тал Германы хамгийн том зэвсэг үйлдвэрлэгч Rheinmetall компанийн тэргүүн Армин Паппергерын амь насанд халдах Оросын нууц ажиллагааны талаар Берлиний эрх баригчдад анхааруулж байв. Тухайн үед Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үүнийг “хуурамч мэдээлэл” хэмээн няцааж байжээ. АНУ-ын хууль зүйн яамны энэхүү мэдэгдэл нь хоёр дахь удаагаа Цагаан ордонд ирсэн ерөнхийлөгч Трампын Орос улстай харилцаагаа сайжруулахыг хичээж буй цаг үетэй давхцаж байна. Хэдхэн долоо хоногийн өмнө Тагнуулын Төв Газрын дарга Жон Рэтклифф урьдчилан зарлалгүйгээр Москвад зочилсон нь ер бусын ховор үйл явдал байлаа. Талууд энэ үеэр ямар сэдвээр ярилцсанаа одоо болтол нууцалж байгаа юм. Эх сурвалж: BBC

Read full article →