Чарльз хаан Диана гүнжийн дүүгийн дурсамжийн талаар хариу тайлбар өгсөн нь ховор алхам боллоо

ikon.mn · world

Их Британийн хаан Чарльз өчигдөр өөрийн анхны гэргий Диана гүнжийн дүүгийн шүүмжлэлтэй мэдэгдэлд хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан хариу тайлбар өгсөн нь ховор алхам болжээ. Энэ алхам нь удахгүй хэвлэгдэх гэж байгаа дурсамж номд 1997 оны Дианагийн үхлийн дараа тухайн үед хунтайж байсан одоогийн хаан ямар үйлдэл гаргаж байсныг өгүүлсэнтэй холбоотой юм. Диана 36 настайдаа Парис хотод мотоциклтой папарацци гэрэл зурагчдаас автомашинтай зугтаж яваад нууц амраг Доди Файедын хамт осолдсоны улмаас амиа алдаж байв. Түүний төрсөн дүү Чарльз Спенсерийн дурсамж номыг “Daily Mail” сонин өнгөрсөн Пүрэв гарагаас цувралаар нийтэлж эхэлжээ. Тэрбээр уг дурсамждаа гүнжийг нас барсны дараа хунтайж Чарльз өөрт нь “санаа зоволтгүй. бид удахгүй түүнийг мартах болно” гэж хэлж байсныг дурдсан байна. Энэ яриа Чарльз, Диана нарын хүүхдүүд болох Уильям, Харри нар ээжийнхээ оршуулгын үеэр шарилын ард алхах ёстой эсэх талаар маргааны үеэр гарч байжээ. Спенсер өөрөө энэ санааг тухайн үед эсэргүүцэж байсан гэнэ. Чарльз Спенсер Диана 1981 онд Чарльзтай гэрлэснээр манай гарагийн хамгийн олон удаа гэрэл зурагт буусан эмэгтэй болж байжээ. Гэвч тэдний гэрлэлт бүтэлгүйтэж, 1996 онд салж байсан юм. Номд өгүүлсэн зүйлийн талаар Букинхэмийн ордны хэвлэлийн төлөөлөгч “Бид зарчмын хувьд ном зохиолын талаар тайлбар өгдөггүй ч ийм гарз хохирол учирснаас хойш олон жилийн дараа ч гэсэн ах дүүсийн уй гашуу хүний санааг үймүүлж, шийдвэр гаргах чадварт нөлөөлж, дурсамжийг бусдад үл ойлгогдох байдлаар өөрчлөн харуулж болдгийг эрхэм дээдэс хаантан ойлгож байна” гэж мэдэгджээ. Номын агуулга нийтлэгдэж эхлэхээс өмнө Спенсер “Энэ номын зорилго бол Дианагийн тухай үнэнийг түүний төрсөн дүүгийн өнцгөөс өгүүлэх юм. Би Дианагийн өмнөөс ярьж, илэн далангүй, эерэг байдлаар харуулахыг хүсэж байна” хэмээн ярьж байв. Эх сурвалж: Reuters

Read full article →