“Олон улсын бурхан бологсдыг дурсах өдөр-2026” энэ сарын 20-ны өдөр зохион байгуулагдана
2012 оноос Амьдралын төлөөх дэлхийн нэгдэл буюу Дурсах өдөр гэж Олон улсын оршуулгын холбоо зохион байгуулсаар ирсэн билээ. Тус өдрийг дэлхий даяар 28 улс, 54 хот 90 мянга гаруй хүмүүс нэгдэн тэмдэглэдэг байна. Энэ онд "Дурсах өдөр 2026" нь 2026 оны 9 сарын 20-ны өдөр зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн юм. Уг өдрийг анх 2012 онд Өмнөд Америкийн улс орнуудад тэмдэглэж байсан бол жилээс жилд хүрээгээ тэлсээр байгаа. Өнөөдрийн байдлаар Аргентин, Австрали, Болив, Бразил, Чили, Канад, Колумб, Коста Рика, Эквадор, Доминикан, Савиор, Испани, АНУ, Гватемал, Израиль, Мексик, Шинэ Зеланд, Парагвай, Доминикан, Монгол, ОХУ, Сингапур, Хятад, Өмнөд Африк, Уругвай, Венесуэл зэрэг 25 улс оронд тэмдэглэж байна. Улс орон бүр “Дурсах өдөр”-ийг тухайн улс орнуудын ёс заншилтай уялдуулан янз бүрээр тэмдэглэдэг. Ихэвчлэн бурхан болоочийг нутаглуулсан газарт нь ар гэрийнхэн нь ирж тэдэндээ талархлын үгээ илэрхийлэх, сэтгэлийн үгээ бичсэн бөмбөлөг хөөргөх, мод тарих, дурсамж ярих, тагтаа хөөргөх, зул өргөх, бага хэмжээний концерт зохион байгуулж магтан дуулах зэрэг янз бүрээр тэмдэглэдэг. Манай улсад уг арга хэмжээг 2015 оноос эхлэн “Буяны зан үйлийн холбоо” ТББ санаачлан буяны үйлчилгээ үзүүлдэг компаниудтай хамтран зохион байгуулсан. “Улаанбаатар буян” ХХК-ийн хувьд энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулах бөгөөд БЗД, 20-р хороонд Гачууртын зам дагуу байрлах “Зүүн буяны төв цогцолбор”-т зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүмүүс халин одсон хайртай дотнын хүндээ зул өргөн дүнчүүр маань хөгжөөж, мод тарьж бурхан бологсдыгоо дурсан хүндэтгэх боломжтой. Монголын оршуулгын ёс болон бурхан болоочоо хүндэтгэх ёсон Оршуулгын зан үйл тэр дундаа бурхан бологсдын хойдод буян үйлдэх, сайн төрөлд эргэн залрахад нь замчлан туслах, тэднийгээ сайнаар санан дурсах нь аливаа улс үндэстний соёлын салшгүй нэг хэсэг байдаг. Түүнчлэн өвөг дээдсийн захиас, сургаалыг санан дурсаж, хүндэтгэл илэрхийлэх нь ирээдүй хойч үеийнхний хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой. Бурхан бологсдодоо хэдий чинээ хүндэтгэлтэй хандаж, зөв сэтгэл тээн хоцрох нь тухайн айл өрхийн амьдрал дэгжин дээшлэх үндэс болдог гэж монголчууд үздэг. Мөн энэ өдөр хэн нэгэн нартаас халин одсон хайртай дотнын хүмүүстээ хэлж амжаагүй үгсээ хүргэх, магадгүй харамсал тээж үлдсэн нэг нь сэтгэлийнхээ хүлээсийг тайлах тайвшралыг олж байдаг.
Read full article →