Польш улсын нутагт АНУ-ын цэргийн бааз байгуулах ажилд “томоохон ахиц дэвшил” гарсныг ерөнхийлөгч Трамп мэдэгдэв

ikon.mn · world

Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын цэргийн баазыг Польш улсын нутаг дэвсгэрт байгуулах ажилд “том дэвшил” гарсныг мэдэгджээ. “Миний найз, Польшийн ерөнхийлөгч Карол Навроцкийн зоригтой манлайллын ачаар Польш улсад АНУ-ын цэргийн бааз байгуулах чиглэлд томоохон ахиц дэвшил гарч байна” гэж Трамп сошиал хуудсаараа зарласан юм. Тэрбээр цааш нь “Хэрвээ энэ ажил хэрэгжвэл байршлыг тун удахгүй зарлах болно. Энэ нь АНУ болон Польшийн холбоотны аугаа харилцааны түүхэн алхам байх болно” гэж бичжээ. Трампын энэ мэдэгдэл Европ дахь цэргийн оролцоогоо АНУ багасгаж болзошгүй гэсэн болгоомжлол холбоотнуудынх нь дунд үүсээд байгаа цаг үед тохиож байна. Харин НАТО-гийн зүүн жигүүрт Украин, Орос улсуудтай хиллэдэг, үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 5 орчим хувийг батлан хамгаалах салбарт зарцуулдаг Польш улсын хувьд өөрийн нутаг дэвсгэр дээр АНУ-ын цэргийн оролцоог бэхжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байгаа. Өнгөрсөн сард Польшийн батлан хамгаалахын дэд сайд Павел Залевски тус улс өөрийн нутаг дэвсгэрт АНУ-ын цэргийн бааз байгуулах асуудлаар Вашингтонтой хэлэлцэж байгааг мэдээлсэн юм. “Бид үйл явцын эхний шатыг аль хэдийн дуусгасан бөгөөд улс төрийн хүсэл сонирхлоо ч үүнээс өмнө илэрхийлсэн” гэж Залевски олон нийтийн телевизийн TVP сувгаар ярьж байв. Одоогоор Европын Холбооны гишүүн Польш улсад АНУ-ын 10,000 орчим цэрэг байрладаг. Польшийн ерөнхийлөгч Навроцки нь консерватив үзэл баримтлалаараа Трамптай ойр холбоотон болдог бөгөөд өнгөрсөн онд тэр Цагаан ордонд айлчилж байв. Энэ айлчлалын үеэр Трамп илүү олон цэрэг илгээх саналыг Навроцкид тавьж байжээ. Европын бусад холбоотнуудтайгаа харилцах Трампын харилцаа нэлээд муу байгаа. Ираны дайнд нутаг дэвсгэр дээрх баазуудаа ашиглуулахаас Европын орнууд татгалзсан нь Трампыг нэлээд бухимдуулсан. Пентагоны тэргүүн Пит Хэгсэт бас өнгөрсөн онд Гааг хотод болсон НАТО-гийн чуулганы үеэр тохиролцсон батлан хамгаалах нэгдсэн төсөвт оруулах хувь хэмжээгээ биелүүлээгүй орнуудаас цэргээ татахаар сүрдүүлж байв. Тус чуулган дээр НАТО-гийн гишүүн орнууд 2035 он гэхэд тус тусын батлан хамгаалах зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 5 хувьд хүргэхээр болсон юм. Эх сурвалж: AFP

Read full article →