"Энэ жил Баянгийн эх, Богдхан уул зэрэг нийслэлийн суурьшлын бүсэд 7 удаа баавгай орж ирснээс хоёрыг нь барьж, Эрдэнэ сумын нутагт тавьсан"
Байгаль орчны мэргэжлийн байгууллагаас "Энэ оны наймдугаар сарын 11-нээс эхлэн нийслэл хотын суурьшлын бүс рүү долоон удаа баавгай орж ирлээ" хэмээн мэдээлээд баавгайнаас хэрхэн сэрэмжлэх тухай зөвлөлөө. Энэ тухай Нийслэлийн Байгаль Орчны Газрын амьтан, ургамлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Баньд "2022-2024 онд нийслэлийн ногоон бүсэд Шинжлэх Ухааны Академи, Биологийн Хүрээлэнгийн хийсэн автомат камерын судалгаагаар Сэлбийн голын эх, Улиастайн голын эхэнд нэг, нэг баавгай суурьшиж байгаа нь батлагдсан байдаг. Баавгай нийслэлийн бүсэд байхгүй байж байгаад буцаж ирж нутагшиж байгаа амьтан. Өмнө нь баавгай 2018 онд 1, 2019 онд 2, 2020 онд 1 нийт дөрвөн удаа суурьшлын бүс рүү хоол тэжээл хайж орж ирсэн тохиолдол бий. Энэ жилийн хувьд наймдугаар сарын 11-нд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянгийн эхэд баавгай орж ирсэн дуудлага бүртгэгдэж, газар дээр нь ажиллаад иргэдэд хоол тэжээл, самар, жимсний олдцоос шалтгаалан баавгай орж байгаа тухай сэрэмжлүүлгийг хүргэж байв. Үүний дараа "Богдхан ууланд баавгай байна" гэсэн дуудлага бүртгэгдсэн зэргээр өнөөдрийнхтэй нийлээд 7 удаа баавгай орж ирлээ. Үүнээс хоёр баавгайг барьж, суурьшлын бүсээс 180 километр орчим зайд буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг хүртэл тээвэрлэн байгальд тавьсан. Баавгай нь 10 дугаар сарын дунд үеэс 11 дүгээр сарын эхэн үед ичээндээ ордог. Нийслэлийн суурьшлын бүсэд орж ирсэн баавгайг барьж, суурьшлын бүсээс хол тавих арга хэмжээг авч байна. Иргэд баавгайтай таарвал Нийслэлийн Байгаль орчны газрын 7272-0303 , нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 1131-0005 дугаарт яаралтай залгаж, мэдэгдээрэй" гэж мэдээллээ. Тэрбээр баавгайнаас хэрхэн сэрэмжлэх талаар: Баавгай 25-30 километрийн зайнаас хоол, тэжээлийн үнэрийг авах чадвартай. Тиймээс гэр орон, өвөлжөө, хаваржаанд ойрхон байгаа малын сэг зэмийг булах, булшлах Хадлан хадаж байгаа, жимс түүж байгаа иргэд хоол хүнснийхээ хог хаягдлыг өөрсдөөсөө холдуулах, битүүмж сайтай байлгах Аль болох ой модтой газраар аялахгүй байхыг зөвлөв.
Read full article →