Х.Амантай: Казахууд хүнийг оршуулахдаа авсанд хийдэггүй. Биеийг нь угааж цагаан даавуунд ороогоод шороогоор булах ёстой

ikon.mn · world

Буяны зан үйлийн холбоо, МУИС-ийн Түүхийн тэнхим, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголчуудын оршуулгын зан үйл: уламжлал, орчин үе, чиг хандлага” долоо дахь удаагийн эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Номын санд өнөөдөр зохион байгуулагдлаа. Тус хуралд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Философийн салбар эрдэм шинжилгээний ажилтан Х.Амантай "Монголын казахуудын оршуулгын зан үйл: уламжлал ба орчин үе" сэдвээр илтгэл танилцуулсныг хүргэж байна. Х.Амантайн ярьж буйгаар "Казахуудын оршуулгын зан үйл нэг талаасаа Исламын шашны итгэл үнэмшил дээр тулгуурладаг. Нөгөө талаасаа нүүдэлчдийн соёл иргэншлийн зан заншил, хэм хэмжээ дээр тулгуурлаж явдаг онцлогтой. Казахуудын өөрсдийн ёс, зан заншлыг хатуу дагаж мөрддөг итгэл үнэмшилтэй хүмүүс. Исламын шашинд хүн бол газар шорооноос үүссэн, тиймээс газар шороонд очих ёстой гэсэн айлдвар байдаг. Тэр утгаараа заавал хүнийг газар шороонд оршуулдаг. Шашны уламжлалаар хүнийг оршуулахдаа авсанд хийдэггүй. Биеийг нь угааж цагаан даавуунд ороогоод шороогоор булах ёстой. Гэхдээ нүүдэлчдийн соёлын уламжлал өвөрмөц онцлогууд гарч ирнэ. Оршуулгын дээр чулуу тавьж хэлбэр хэмжээнд оруулах, тухайн хүний амьдарч байсан он цаг хугацааг бичдэг. Тухайн нийгэмдээ нэр хүндтэй, алдартай овог аймгийн тэргүүлэгч байсан нийгмийн гарал угсааг бичдэг байжээ. Хаад ноёд, бөөг тусад нь оршуулдаг гэсэн үг. Шашны хувьд чимэглэл байхгүй боловч уламжлалын талаас хүмүүсийг өвөг дээдсийн сүнс сүлдэд ойрхон булшлах үүднээс овог аймгийн хүрээлэл бий болчихдог. Оршуулгын хүрээ томрох тусам булшнуудыг мал амьтны хөл болон бороо уснаас хамгаалахаар чулуугаар хамгаалдаг. Казахууд булшийг усанд автуулахаас ихээхэн цээрлэдэг. Оршуулгын уламжлалыг маш хатуу дагаж мөрддөг. Исламын жаягаар талийгчийг гэр удаан байлгаж болдоггүй. Хамгийн ихдээ нэг хонуулаад оршуулах ёстой. Хүнийг нас барсны дараа долоо болон 40 дэх хоног дээр айлдвар айлдаж, коран судар уншиж цайллага өгдөг. Казахын уламжлалаар талийгчийг эргэж тойрч, булш бунхан дээр нь коран судар уншуулж байх хэрэгтэй. Коран судар дээр хүн зөвхөн нэг амьдарна. Дахиж төрөх, хойд төрлөө олно гэсэн ойлголт байдаггүй. Нас барсан хүний сүнс нөгөө ертөнцөд дундын газарт очоод шүүлтээр орно. Шүүлтийн өдрөөр Аллах тэнгэр нөгөө сүнснүүдийг амилуулж их шүүлт хийдэг. Амьд ахуй хугацаандаа юуг буруу хийсэн, юуг сайн хийснийг шүүн тунгаадаг. Исламын шашинд хүнийг шорооноос бүтсэн гэж үздэг учраас буцаад газартаа очих ёстой. Ил тавих, шатаах, чандарлах зэрэг үйлийг бараг хийдэггүй. Хүнийг өмсөж хэрэглэж байсан хувцас, эд хөрөнгөтэй нь хамт газарт булдаггүй. Нас барсан хүний эд хөрөнгийг дараа нь ах дүү хамаатан саданд нь хувааж өгдөг. Мөн исламын шашинд оршуулга маш даруухан байх ёстой гэж номлодог. Ямар нэгэн дуу чимээ, өнгө үзэмжтэй байхыг эрхэмлэдэггүй. Соёлын уламжлал, түүхэн үүднээс тулгуурлаад булшийг шимэгч амьтнаас хамгаалж чулуу овоолох зүйл ажиглагдаж байна. Орчин үед болор чулууг дээр нь дэвсдэг болсон. Талийгаачийг хөдөөлүүлэх үед эмэгтэйчүүд очдоггүй. Эмэгтэйчүүд уйлах гашуудах зан заншлыг хийдэг. Талийгаачийг нар барсан талаар саданд төрөлд мэдээ дуулгасны дараа гэрт нь ирж тодорхой ёс заншилтай эмгэнэл илэрхийлдэг. Жишээлбэл "итгэл үнэмшил нь дагалдах болтугай", "хэвтэж буй газар хөрс нь зөөлөн байх болтугай" гэх мэт эмгэнэлийн үгс хэлдэг. Зарим эх сурвалжид хүнийг нас барсны дараа 40 ширхэг зул өргөдөг байсан талаар дурдсан байдаг. Одоо бол энэ ёс уламжлал байхгүй, цаг үеийн явцад мартагдсан байх. Казахууд шашны болон нүүдэлчний соёлын зан уламжлал, ёс заншлын дагуу хүнийг хөдөөлүүлдэг байсан. Түүнээс биш дур мэдэн хүссэн газартаа булшилдаггүй байсан" гэв.

Read full article →