Айчи Нагоя 2026: Аав, хүү Мүрафүши Нагоягийн тэнгэрт Азийн наадмын бамбарыг асаав
Азийн зуны спортын XX наадам өнөөдөр албан ёсоор хөшгөө нээв. Японы телевизийн болон кино найруулагч Юкихико Цүцимигийн "Зүрхний аялгуут хэмнэл" зохиолын дагуу Азийн Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-д бүртгэлтэй 45 байгууллага, тэр дундаа анх удаа дүрвэгчдийн багийг оруулсан тамирчдын жагсаал боллоо. Азийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулж буй Япон Улсын төрийн дуулал эгшиглэсний дараа хоёр цаг гаруй үргэлжилсэн нээлтийн ёслолд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако, Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны ерөнхийлөгч Кристи Ковентри, Азийн Олимпын Зөвлөлийн тэргүүн Шейх Жоан бин Хамад тэргүүтэй албаныхан оролцсон юм. Манай улсаас Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны Б.Баттүшиг, Монголын багийн ахлагчаар томилогдсон Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн Х.Баттулга, Х.Булгантуяа нарын зочид төлөөлөв. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Азийн наадмын нээлт, хаалтын ёслол Нагоя хотын "Mizuho Park Athletic Stadium"-д болж буй. Тэртээ 1941 онд баригдсан энэ цэнгэлдэх 30,000 хүний суудалтай. Шар тивийн 45 улсын 11,000 орчим тамирчин 469 алтан медалийн төлөө өрсөлдөх юм. Нээлтийн ёслолд Японы хөвгүүдийн хамтлаг INI ая дуу өргөсөн юм. Үүний дараа Нагоя хотын бэлгэ тэмдэг Киншачи загасны дүрсийг дроноор үзүүлэв. Дэлхийд нэртэй хийлч Хикарү Хикасэгийн хөгжмийн аянд Нагоя хотыг бүрэн илэрхийлсэн үндэсний болон бусад хувцастай 240 бүжигчин тамирчдыг угтаж авав. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Азийн олимпын бамбарыг Японы спортын үе үеийн алдартнууд цэнгэлдэхэд буухиалав. Тодруулбал чөлөөт бөхийн олимпын аварга Акира Фүжинами буухиаг эхлүүлж, олимпын дөрвөн удаагийн аварга усанд сэлэгч Косүкэ Китажима, олимпын гурван алттай, гүйгч Кочи Ито, бадминтоны хосын төрөлд олимпод түрүүлсэн Аяка Такахаши нар буухиалсан юм. Улмаар 2004 оны Афины олимпод дүүгүүр шидэлтийн төрлөөр алтан медаль хүртсэн Кожи Мүрофүши, түүний эцэг 1970 оны Азийн наадамд мөн дүүгүүр шидэлтээр аваргалсан Шингэнобу Мүрофүши нар хамтдаа бамбарыг бадамлууллаа.
Read full article →