Топ модель асан Синди Кроуфордын хүүгийн үхэл хар тамхины тун хэтрүүлснээс болсон байж болзошгүйг шалгаж байна

ikon.mn · world

1990-ээд оны дэлхийн шилдэг загвар өмсөгчдийн нэг асан Синди Кроуфордын хүү Пресли Герберийн үхэл хар тамхины тун хэтрүүлсэнтэй холбоотой байж болзошгүйг мөрдөн шалгаж эхэлснээ АНУ-ын Санта Моника хотын цагдаагийн газар Даваа гарагт мэдээлжээ. Лос-Анжелес тойргийн шүүх эмнэлгийн албаны мэдээлснээр 27 настай загвар өмсөгч залуу Ням гарагт нөхөн сэргээх эмчилгээний төвд нас барсан юм байна. Цагдаагийн байгууллага түүний үхлийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа ч гаднын нөлөөтэй гэх ямар нэг шинж тэмдэг илрээгүйг мэдээлжээ. Кроуфорд болон түүний нөхөр Ранде Гербер нарын хэвлэлийн төлөөлөгч Алли Женкинс “Гэр бүлийнхэн нь эмгэнэн гашуудаж буй энэ хүнд цаг үед хувийн орон зайг хүндэтгэхийг хүсэж байна” гэж CBS News агентлагт ярьсан байна. Гербер нь ээж болон дүү Кайа нарынхаа нэгэн адил загвар өмсөгч болсон бөгөөд дөнгөж 16 настайдаа Италийн “Moschino” брэндийн загварын шоунд анх удаа оролцож байжээ. Тэрбээр дараа нь Burberry, Dolce & Gabbana, Bottega Veneta зэрэг брэндүүдийн загварыг өмсөж байсан юм. Түүний аав, нэрт бизнесмэн Ранде Гербер нь жүжигчин Жорж Клунитэй хамтран “Casamigos” текила брэндийг үүсгэн байгуулж байжээ. Сүүлийн жилүүдэд Пресли Гербер сэтгэцийн эрүүл мэндийн асуудал болон мансууруулах бодисын хэрэглээнийхээ талаар ил тод ярих болсон юм. 2023 онд тэр “Studio 22” подкаст сувагт ярихдаа “Сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл гутрал болон үүнтэй холбоотой бусад асуудлуудтай тэмцэж ирсэн хүний хувьд би өөрийн үзэж туулсантай ижил зовлонгоос нэг ч бай, зуун ч бай хүнийг салгахад туслах нь миний хийж чадах зүйл юм” гэж байжээ. Мөн энэ сарын “America Vogue” сэтгүүлд Кайа ахынхаа донтолттой хийсэн тэмцлийн талаар ярьж байсан юм. Гербер өмнө нь гэр бүлтэйгээ, ялангуяа дүү охин Кайатайгаа ойр дотно байдгаа ярьж байжээ. Ах дүү хоёр 2018 онд Calvin Klein брэндийн сурталчилгаанд хамт оролцож, Гербер дүүгийнхээ нэрийг гар дээрээ шивүүлж байв. Гербер бас 2018 оны Супер Боул тэмцээний үеэр цацагдсан Pepsi компанийн сурталчилгаанд ээжийн хамт тоглож байжээ. 26 жилийн өмнө буюу 1992 онд Синди мөн уг брэндийг анх удаа сурталчилж байсан юм. Долдугаар сард Синди Кроуфорд 27 насных нь төрсөн өдрийг тохиолдуулан хүүгийнхээ бага насны хоёр гэрэл зургийг Инстаграм хуудсандаа нийтэлж байжээ. Эх сурвалж: BBC

Read full article →