“Аяан Залаат” Michelin-ийн жагсаалтад багтсан Монголын анхны зочид буудал боллоо
Монголын зочлох үйлчилгээний салбар дэлхийн тавцанд үнэлэгдэж эхэллээ. Дэлхийн шилдэг зочид буудлуудыг онцлон шалгаруулдаг Michelin Key-ийн 2026 оны шинэчилсэн жагсаалтад “Аяан Залаат” зочид буудал багтаж , энэхүү нэр хүндтэй үнэлгээг авсан Монголын анхны зочид буудал боллоо. Michelin Key нь зочид буудлын үйлчилгээний чанар, өвөрмөц онцлог, тав тух, орчны шийдэл болон зочдод санал болгох нийт туршлагыг үнэлдэг олон улсын нэр хүндтэй шалгаруулалт юм. Уг үнэлгээг гишүүнчлэл, төлбөр хураамжид үндэслэхгүйгээр Michelin Guide-ийн мэргэжлийн шинжээчид биечлэн зочилж, бие даасан үнэлгээ хийсний үндсэн дээр олгодгоороо онцлогтой. Forbes сэтгүүл Michelin Key-ийн шинэчилсэн жагсаалтын тухай нийтлэлдээ “Аяан Залаат”-ыг онцлох зочид буудлуудын нэгээр нэрлэжээ. Тус нийтлэлд зочид буудал нь Улаанбаатар хотын төвөөс холгүй, Богдхан уулын бэлд байрладаг бөгөөд нийслэл Улаанбаатар хотын тав тухыг байгальд ойр, тайван амралтын орчинтой хослуулснаараа онцлог хэмээн тодотгосон байна. “Аяан Залаат” нь 32 өрөө, спа, усан бассейн, кино театр, боулинг болон Хятад, Япон, Монгол, Итали хоолны дөрвөн ресторан, лоунж бүхий цогц үйлчилгээтэй. Байгалийн өвөрмөц тогтоц, орчин үеийн архитектур, дээд зэрэглэлийн үйлчилгээг хослуулсан тус зочид буудал Монголын зочлох үйлчилгээний салбарт шинэ жишиг тогтоож байна. Энэ жилийн шинэчилсэн шалгаруулалтаар 79 байршлын 470 зочид буудал Michelin Key-ийн жагсаалтад шинээр нэмэгдэж, дэлхий даяар уг үнэлгээг хүртсэн зочид буудлын тоо 3,000 орчимд хүрчээ. “Аяан Залаат” энэхүү олон улсын нэр хүндтэй жагсаалтад багтсан нь Монголын аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын чанар, өрсөлдөх чадварыг дэлхийд таниулсан чухал үйл явдал болж байна. Эх сурвалж: Forbes
Read full article →