Трамп, Ши Жиньпин нарын уулзалт хиймэл оюуны салбарт тодорхой тохиролцоонд хүрч чадалгүй өндөрлөлөө
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын Вашингтонд болсон дээд хэмжээний уулзалт Баасан гарагт өндөрлөлөө. Гэвч энэ уулзалтаас хүсэн хүлээж байсан хиймэл оюуны салбарын хөгжлийг хамтран зохицуулах талаар тохиролцоонд хүрч чадаагүй нь шүүмжлэл дагуулж байна. Гурван өдөр үргэлжилсэн төрийн айлчлал нь бодит гэрээ хэлэлцээрүүдээс илүүтэй ёслол төгөлдөр байдал, хувийн харилцаанд гол анхаарлаа хандуулж байлаа. Трамп, Ши нар Иран, Украины дайн болон Тайванийн асуудлаар хэлэлцсэн бөгөөд тэдний гаргасан хамгийн том бодлогын мэдэгдэл нь хоёр улсын худалдааны дайны завсарлагыг дахин хоёр сараар сунгасан явдал байв. Пүрэв гарагийн орой Цагаан ордонд болсон төрийн хүндэтгэлийн зоогт технологийн салбарын томоохон удирдлагууд оролцсон ч Трамп, Ши нар хүн төрөлхтний оршин тогтнолд аюул учруулж болзошгүй гэгдэж буй хиймэл оюуны салбарт хамтран ажиллах талаар ахиц дэвшил гаргасангүй. “Энэ бол маш хялбархан хийх боломжтой зүйл байсан. Хэрвээ Трамп зүгээр л DeepSeek, Moonshot, Alibaba болон Anthropic, OpenAI, Gemini компаниудын мэргэжилтнүүдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, өөрийгөө сайжруулах чадвартай хиймэл оюуны хөгжлийг түр зогсоох тохиролцоонд хүрснийг зарласан бол манлайлал үзүүлж буй төрийн зүтгэлтэн шиг харагдах байлаа. Ши Жиньпин ядаж л техникийн ажлын хэсэг байгуулах саналыг зөвшөөрөх байсан гэж би бодож байна. Гэвч Трамп үүнийг хүсээгүй, түүнд ингэх сонирхол огт байхгүй” гэж Конгрессын төлөөлөгчдийн танхимын Хятадын асуудал эрхэлсэн тусгай хорооны Ардчилсан Намын тэргүүлэх гишүүн Ро Ханна хэлжээ. Энэ удаагийн айлчлал нь Хятадын төрийн тэргүүний арав гаруй жилийн дараа, Ши Жиньпиний хоёр дахь удаагаа АНУ-д хийсэн төрийн айлчлал юм. Баасан гарагт хоёр удирдагч Цагаан ордонд цайлснаар айлчлал өндөрлөжээ. Энэ үеэр Трамп дээд хэмжээний уулзалтаас томоохон ахиц дэвшил гарсан, “манай тариаланчид сэтгэл хангалуун байх болно” гэж мэдэгдсэн ч илүү дэлгэрүүлээгүй юм. Айлчлалын үр дүнг Даваа гарагт зарлах төлөвтэй байгааг албаны эх сурвалж мэдээлсэн байна. Цайлсныхаа дараа тэд АНУ-ын Үндэсний Архивын газарт зочилж, Тусгаар Тогтнолын Тунхаглал, Үндсэн Хууль болон Хүний Эрхийн Тунхаглалын эх хувийг үзэж сонирхсон юм. Энэ үеэр Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа “Тэд 6,000 жилийн түүхтэй. Тэгэхээр 6,000 болон 250 жилийн хооронд их ялгаа байгаа биз. Гэхдээ бид өөрсдийн 250 жилийн түүхээр маш их бахархдаг” гэж хэлжээ. Пүрэв гарагт үг хэлэхдээ Ши Жиньпин хоёр улс хиймэл оюуныг хүн төрөлхтний сайн сайхны төлөө хөгжүүлж, удирдах, мөн түүний хөгжлийг үргэлж хүний хяналтад байлгах үүрэгтэйг хүлээн зөвшөөрсөн юм. Харин Трампын хувьд энэ салбарт АНУ тэргүүллээ хадгалахын тулд улам урагш тэмүүлэх ёстой гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байсан. Пүрэв гарагийн хүндэтгэлийн зоогт Америкийн технологийн салбарын бүх томчууд уригдсан ч Хятадын талаас ганц ч хүн байгаагүй. Вермонт мужийн сенатор Берни Сандерс сошиал сүлжээнд Трамп, Ши нарын ширээнд сууж буй зочдын зургийг нийтлээд тэдний хөрөнгийн хэмжээг дурдсан байв. Тухайлбал Tesla-ийн Илон Маск $928 тэрбум, AMD-ийн Лиза Сю $3.5 тэрбум, Nvidia-ийн Женсен Хуан $186 тэрбум, Apple-ийн Тим Күүк $3.1 тэрбумын хөрөнгөтэй байжээ. Сандерс үүнийг “Тэрбумтнуудын анги давхаргын, тэдний төлөө байгуулагдсан засгийн газар” хэмээн шүүмжилсэн байна. Ро Ханна “Трамп заавал Рейган, Горбачев нарын байгуулсан шиг түүхэн гэрээ байгуулах шаардлагагүй байсан. Тэр ядаж л Хятад, Америкийн технологийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, хиймэл оюуны хөгжүүлэлтэд хяналт тавих, зөвлөгөө өгөх чиглэлд хамтран ажиллаж болох байсан” гэж шүүмжилжээ. Вашингтон дахь Хятад Судлалын Төвийн судлаач Жонатан Цин боломжийг алдсан гэдэгтэй санал нэг байна. “Бид хоёр улс дэлхий нийт болон технологийн салбарын хувьд томоохон өөрчлөлт авчрах боломжтой цаг үед амьдарч байна. Гэтэл энэ чухал мөчтэй нийцсэн уулзалт хийхийн оронд утгагүй жүжиг болж өнгөрлөө” гэж тэр хэлжээ. “Энэ уулзалтад оролцсон хоёр удирдагч 70-80 насныхан бөгөөд тэд хиймэл оюуныг бодитой ашиглаж үзсэн эсэх нь эргэлзээтэй. Гэтэл энэ технологийн ирээдүй тэдний шийдвэрээс хамаарч байна. Технологийн талаар бодит ойлголт нь ямар байхаас үл хамааран тэдний санал нэгдэж буй цорын ганц зүйл бол хөгжүүлэлтийн хурдаа сааруулахгүй байх явдал бололтой” гэж Цин цааш нь хэлж байна. Трамп бас Канад мэтийн ардчилсан холбоотнуудтайгаа дайсагнадаг мөртлөө Хятад зэрэг авторитар дэглэмтэй өрсөлдөгч улсдаа хэрхэн найрсаг хандаж байгаа талаараа нэлээд шүүмжлүүлсэн. Тэрбээр уламжлалыг эвдэж, Ши Жиньпинийг нисэх онгоцны буудал дээр улаан хивс дэвсэж, биечлэн угтаж авсан юм. Трамп бас Цагаан ордныг бүтэн танилцуулж, шинээр баригдаж буй хүлээн авалтын барилгын талбай, нисдэг тэрэгний шинэ буудал зэргийг хүндэт зочиндоо үзүүлж байв. Жонатан Цин “Би энэ уулзалтаас дорвитой үр дүн огтхон хүлээгээгүй байсан ч бодит үр дүн миний тэр багахан хүлээлтээс ч дор байлаа. Бид дээд давхраас бүр доошилж, зоорийн давхарт буулаа. Агуулгын хувьд АНУ үүнээс яг юу олж авсан нь надад тодорхойгүй байна” гэж хэлжээ. Сенат дахь Ардчилсан Намын бүлгийнхэн ч бас уулзалтын үр дүнг шүүмжилж, худалдаа, аюулгүй байдал, хүний эрх, хиймэл оюуны асуудлаар Бээжингээс ямар нэг дорвитой буулт хийлгэж чадсангүй хэмээн Трампыг шүүмжилцгээж байна. “Трамп үргэлж өөрийгөө хэрхэн магтуулах, хаана зургаа авхуулбал гоё харагдах, ямар гарчигтай мэдээ хүмүүсийн сонирхол татах зэрэгт үндэслэн шийдвэр гаргадаг. Хэрвээ та гаднын нэг улсын дарангуйлагч удирдагч бол Трамп таныг Америкт уриад зогсохгүй , онгоцны буудалд өөрөө угтан авах болно” гэж Сенат дахь цөөнхийн бүлгийн дарга Чак Шумер хэлжээ. Трамп, Ши нар энэ онд дахин хоёр удаа уулзахаар төлөвлөж байна. Арваннэгдүгээр сард Хятадын Шэнжэн хотод APEC-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр, бас арванхоёрдугаар сард Флоридад болох Их 20-ын дээд хэмжээний уулзалтын үеэр тэд хоорондоо уулзах юм. Эх сурвалж: The Guardian
Read full article →