Жил гаруй хугацаанд албан тушаалтайгаа зууралдсан Сербийн ерөнхийлөгч огцорлоо

ikon.mn · world

Жил гаруй хугацаанд үргэлжилсэн оюутнуудын жагсаал тэмцлийн дараа Серби улсын ерөнхийлөгч Александр Вучич албан тушаалаасаа огцорчээ. Ням гарагт нийслэл Белград хот дахь ерөнхийлөгчийн ордны гадаа цугларсан дэмжигчдэдээ хандаж үг хэлэхдээ тэр өнгөрсөн есөн жилийн хугацаанд түүний засаг захиргаа энх тайван, тогтвортой байдлыг хадгалж чадсаныг мэдэгдсэн байна. Вучич албан тушаалаасаа огцрох санааг анх зургаадугаар сард цухуйлгаж байсан бөгөөд ирэх парламентын сонгуульд намаасаа ерөнхий сайдын суудалд нэр дэвшихээр болсон тул ийнхүү огцорчээ. Сербийн үндсэн хуулийн дагуу тэр гурав дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй юм. 2024 онд Нови Сад төмөр замын өртөөний дээвэр нурж, 16 хүн амиа алдсаны дараа Вучичийн засаг захиргааг эсэргүүцсэн иргэдийн жагсаал тэмцэл анх эхэлж байв. Авлигад идэгдсэн албан тушаалтнууд чанаргүй байгууламж бариулснаас ийм осол болсон гэж иргэд үзэж байлаа. Эсэргүүцлийн жагсаалыг оюутнууд манлайлж, ажилчид, тариаланчид зэрэг нийгмийн бүх хэсгийн төлөөлөгчид дэмжин оролцсон юм. Өнгөрсөн хугацаанд Вучичийн дор ажилладаг хэд хэдэн өндөр албан тушаалтан огцорсон ч иргэдийн бухимдлыг намжааж чадаагүй байна. Жагсаал тэмцэл өнгөрсөн зуны турш үргэлжилж, цагдаагийн хүчтэй мөргөлдсөний улмаас эмх замбараагүй байдал үүсэж байлаа. Александр Вучичийн бүрэн эрхийн хугацаа ирэх онд дуусах ёстой байв. Сербийн хуулийн дагуу ерөнхийлөгч огцорсноос хойш гурван сарын дотор ээлжит бус сонгууль зохион байгуулагдах ёстой. Өөрөөр хэлбэл Сербийн ард иргэд одоо он дуусахаас өмнө хоёр өөр сонгуульд саналаа өгөхөөр болж байна. Парламентын ээлжит бус сонгуулийн санал хураалт аравдугаар сарын сүүлээр болох бол үүнээс хойш сар гаруйн дараа ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн санал хураалт болохыг Вучич өчигдөр мэдээлжээ. Парламентын дарга Анна Брнабич шинэ ерөнхийлөгч сонгогдох хүртэл үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаар болж байна. Сербийн олон нийтийн RTS телевизийн мэдээлснээр Вучич үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлээ ашиглан 49 хүнд өршөөл үзүүлсний дотор түүний тодорхойлсноор “сүүлийн нэг жил хагасын хугацаанд бидний туулж өнгөрүүлсэн аймшигт үйл явдал”-тай холбоотой 23 оюутан, өөрийнх нь намын зүтгэлтнүүд багтжээ. Ирэх парламентын сонгуульд Вучичийн эрх баригч Дэвшилтэт Нам авлигын эсрэг оюутнуудын тэргүүлсэн “Оюутнууд ялна” хөдөлгөөн болон Өрнөдийн талыг баримтлагч сөрөг хүчнүүдийн “Европын Серби” эвсэлтэй өрсөлдөнө. 2014 онд ерөнхий сайд болж байсан Вучич 2017 онд анх удаа ерөнхийлөгч болсноосоо хойш тасралтгүй ажилласан юм. Тэрбээр Серби улсыг Европын Холбоонд элсүүлэхийн зэрэгцээ Оростой ойр дотно харилцаагаа хадгалж, Хятадын хөрөнгө оруулагчдад улс орноо нээх бодлогыг баримталдаг. Эх сурвалж: BBC

Read full article →