"Хөдөө аж ахуйн корпорацаас олгож байгаа дэмжлэгийн эргэн төлөлт, авлагатай холбоотой зөрчлүүд сүүлийн 15 жилийн хугацаанд давтагдсаар байна"

ikon.mn · world

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордонд болж байна. Энэ үеэр Тариаланг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Хөдөө аж ахуйн корпорац ТӨХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд сүүлийн 10 жилийн хугацаанд хийсэн хяналт шалгалтын дүн, илэрсэн алдаа зөрчлийн талаар танилцуулгыг хүргэлээ. Хөдөө аж ахуйн корпорац ТӨХХК-аар дамжин ААН, малчид, тариаланчдад дэмжлэгээр олгосон гурван төгрөг тутмын нэг нь авлага болж байгаа г онцлов. Хөдөө аж ахуйн корпорацаас газар тариалан, мал аж ахуйн салбарт үрийн буудай, бордоо, шатахуун зэрэг 10-аад төрлийн дэмжлэгийг гэрээний дагуу олгодог байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд энэ салбарт олгосон дэмжлэгийг жишээ аван тайлбарлавал татвар төлөгчдийн төвлөрүүлсэн төсвийн мөнгөнөөс 3 төгрөгийг Хөдөө аж ахуйн корпорац тодорхой шаардлага хангасан иргэн, ААН-д дэмжлэг хэлбэрээр олгож иргэн, ААН нь мөнгөөр болон мөнгөөр болон шилмэл үйлдвэрийн малаар, үр тариагаар эргэн төлөх ёстой байдаг байна. Гэвч Хөдөө аж ахуйн корпорацаас олгосон гурван төгрөг тутмын нэг төгрөг нь авлага хэлбэрээр түгжигдсэн байгаа аж. Энэ нь дараа дараагийн зээлүүдэд Хөдөө аж ахуйн корпорацаас дэмжлэг авах шаардлагатай иргэн, ААН-үүдийн боломжийг хязгаарлаж улмаар салбарын бүтээмж, өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна гэв. Үндэсний аудитын газраас Тариалан эрхлэгчдийг дэмжих сангийн 2016-2019 он, Хөдөө аж ахуйн дэмжих сангийн 2020-2022 он, Хөдөө аж ахуйн корпорацын 2023-2025 оны санхүүгийн тайланд аудит хийжээ. 2020, 2021 онд санал дүгнэлт өгөхөөс татгалзаж байсан. 2022, 2023 онд сөрөг санал дүгнэлтийг өгсөн. 2016, 2019, 2024, 2025 онуудад хязгаарлалттай дүгнэлтийг өгсөн байна. Сангийн яамнаас Тариалан эрхлэгчдийг дэмжих сан, Мал хамгаалах сангийн 2011-2018 хүртэлх хугацааны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. Улмаар Тариалан эрхлэгчдийг дэмжих санд ₮96.8 тэрбумын, Мал хамгаалах санд ₮28.3 тэрбумын авлага, өр төлбөр зээлийн эргэн төлөлттэй холбоотой зөрчлүүд илэрчээ. Хөдөө аж ахуйн корпорацын 2019-2025 оны санхүүгийн тайлангийн аудитаар авлага, өр төлбөрийн баталгаажуулалт чанаргүй, найдваргүй болох эрсдэлтэй, хуримтлагдсан авлагатай холбоотой нийт ₮627.2 тэрбумын зөрчил илэрчээ. Хөдөө аж ахуйн корпорацаас олгож байгаа дэмжлэгийн эргэн төлөлт, авлагатай холбоотой зөрчлүүд сүүлийн 15 жилийн хугацаанд давтагдсаар байна гэдгийг шинжээч онцлов. Мөн газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийн дамжуулан зээлийн эргэн төлөлтийн хүндрэлтэй холбоотой ₮359.7 тэрбумын зөрчил илэрч байжээ.

Read full article →