Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто зам дагуу гэрэлтүүлгийн 684 ширхэг шонгийн анкер суурилуулжээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто замын гэрэлтүүлгийг суурилуулах ажлыг энэ оны наймдугаар сарын 5-ны өдрөөс эхлүүлээд буй. "Есдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар гэрэлтүүлгийн нийт 684 ширхэг шонгийн бэхэлгээг(анкер) суурилуулж, шонг угсрах, шаардлагатай бараа материалыг татан төвлөрүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа. Цаашид ажлыг батлагдсан төлөвлөгөө, техникийн шаардлага, стандартын дагуу үе шаттайгаар үргэлжлүүлэн хэрэгжүүлж, гэрэлтүүлгийн ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байгаа"-г албаны эх сурвалжууд мэдээлэв. Ингэснээр Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто замын шөнийн үзэгдэх орчин сайжирч, иргэд, жолооч, зорчигчдын аюулгүй зорчих нөхцөл бүрдэх, зам тээврийн осол, эрсдэлийг бууруулахад ач холбогдолтой байна. Уг авто замыг гэрэлтүүлэгтэй болгох ажлыг “Нийслэлийн баруун бүсийн зам засвар, арчлалтын газар" ОНӨААТҮГ-аас гүйцэтгэж байгаа аж. Тус байгууллага нь нийслэлийн болон орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг нэмэгдүүлж, засвар, шинэчлэлтийг хийх, гэр хорооллын сайжруулсан болон шороон замыг түрж, тэгшлэх, замын засвар үйлчилгээг хариуцах чиг үүрэгтэйгээр НИТХ-ын 2024 оны тогтоолоор байгуулагджээ. Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто зам дагуу гэрэлтүүлэгтэй болгох ажлыг энэ онд дуусгах төлөвлөгөөтэй бөгөөд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөс ₮3.3 тэрбумыг зарцуулахаар баталсан байна. Нийслэлийн Замын сангийн хөрөнгө нь авто тээврийн хэрэгслийн татвар, зам ашигласны төлбөр зэргээс бүрддэг билээ.
Read full article →