Конгын улс төрч Эбола вирусийн халдвараас сэргийлэхийг уриалсныхаа төлөө иргэдэд зодуулж, амь насаа алджээ

ikon.mn · health

Конго улсын эрх баригч намын өндөр албан тушаалтан Эбола вирусийн халдвар тархалтын талаар иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор радио нэвтрүүлэгт оролцсоныхоо дараа орон нутгийн иргэдэд зодуулж, амиа алджээ. Ням гарагт тус улсын хойд Киву мужийн Бутембо хотод болсон энэ хэргийн талаар Даваа гарагт эрх баригч намын төлөөлөл мэдээлсэн байна. Бутембо нь сүүлийн үед Эбола вирусийн дэгдэлтийн голомт болоод байгаа хот юм. Тус хот дахь UDPS (Union for Democracy and Social Progress) намын салбар хорооны даргын үүрэг гүйцэтгэгч, намын хэвлэлийн төлөөлөгч Мари Селестин Карондва халдварт өвчнөөс сэргийлэх арга замыг сурталчлах радио нэвтрүүлэгт оролцсоныхоо дараа халдлагад өртжээ. Нутгийн иргэд түүнийг зодож, эд зүйлсийг нь дээрэмдэж, гэрийг нь галдан шатаасан байна. Хэчнээн хүн халдсан, ард нь хэн байсан, ямар шалтгаанаар халдсан зэрэг мэдээлэл тодорхой болоогүй байна. “Эбола вирусийн халдвар бодитой болох, бас хүн амд учруулж буй аюул заналын талаарх намын бодлого, байр суурийг хамгаалсныхаа төлөө тэр хохирогч боллоо” гэж Карондвагийн үхлийн талаар UDPS намын мэдэгдэлд өгүүлжээ. Карондва авсан шархаа даалгүй нас барсныг нэмж мэдээлсэн байна. Сүүлийн үед Эбола вирусийн халдварыг зохиомол зүйл гэж үздэг, хуйвалдааны онолд итгэсэн хүмүүс эрх баригчид, хариу арга хэмжээний багийнхны эсрэг олон цуврал халдлага үйлдээд байгаа. Тухайлбал Бямба гарагт зэвсэглэсэн этгээдүүд хойд Киву мужийн Бени хотод байрладаг ариутгалын цэгт халдахад нэг хүн алагдаж, хэд хэдэн хүн шархадсан юм. Даваа гарагт Конгын засгийн газрын гаргасан тоо баримтаар бол тавдугаар сарын 15-нд эхэлсэн Эбола вирусийн сүүлийн дэгдэлтийн улмаас 8,067 хүн халдвар авч, 3,901 хүн амиа алдаад байна. Эх сурвалж: Reuters

Read full article →