Умард Солонгосын тавьсан мина дэлбэрсний улмаас хил дээр цэргүүд шархадсан гэж Өмнөд Солонгосын тал сэжиглэж байна

ikon.mn · world

Хоёр Солонгосыг тусгаарладаг Цэрэггүй бүсэд (DMZ) саяхан дэлбэрэлт болсны улмаас Өмнөд Солонгосын цэргийн гурван алба хаагч шархадсан юм. Даваа гарагт Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний жанжин штаб, НҮБ-ын командлалтай хамтран явуулсан мөрдөн шалгах ажлынхаа урьдчилсан дүнг танилцуулжээ. Уг шалгалтаар Умард Солонгосын талаас хилийн бүсэд саяхан байрлуулсан мина дэлбэрсэн гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ дүгнэлт нь албан ёсоор дайны байдалтай хэвээр байгаа хоёр улсын дунд хурцадмал байдлыг нэмэгдүүлж болзошгүй болжээ. Жанжин штабын дэд дарга, армийн дэслэгч генерал Квон Дэ Вон “Дэлбэрэлтийн улмаас үүссэн тогоо, цацарсан дөлний хэлбэр, цэргийн алба хаагчдын авсан гэмтлийн шинж чанар зэргийг харгалзан үзвэл уг дэлбэрэлт Умард Солонгосын байрлуулсан минатай холбоотой байх магадлал өндөр байна” гэж хэлсэн юм. Тэрбээр дэлбэрэлт болсон газар нь Умард Солонгосын цэргүүдийн саяхан мина байрлуулсан бүсээс 10 метр орчим зайд байсныг баталжээ. Есдүгээр сарын 21-ний өдөр DMZ бүсийн баруун хэсэгт болсон дэлбэрэлтийн үеэр Өмнөд Солонгосын цэргийн гурван алба хаагч хүнд шархадсан юм. Цэрэггүй бүс болон түүний ойр орчимд ойролцоогоор хоёр сая мина байрлуулсан байдаг гэсэн тооцоо бий. Эдгээр нь үе үе дэлбэрч, цэргийн алба хаагчдыг гэмтээх тохиолдол гардаг. Хоёр Солонгосын хооронд байдаг 248 км урт, 4 км өргөн зурвас бүхий Цэрэггүй бүс нь хоёр талаасаа их хэмжээний зэвсэг техникээр бэхлэгдсэн байдаг юм. 1953 оны Солонгосын дайн энхийн гэрээгээр бус, түр гал зогсоох гэрээгээр өндөрлөсөн тул хоёр улс албан ёсоор дайны байдалтай хэвээр байгаа. Сөүл болон Пёняны харилцаа сүүлийн жилүүдэд эрс муудсан бөгөөд үүнд 2019 онд Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын яриа хэлэлцээ бүтэлгүйтсэн нь гол түлхэц болсон гэдэг. 2024 онд Ким Жон Ун өөрийн өмнөд хөршийг улсынхаа “гол дайсан” гэж зарласан бөгөөд тэр үеэс хойш Цэрэггүй бүсэд мина нэмж байрлуулах, танк эсэргүүцэх хориглолт босгох зэрэг ажлуудыг идэвхжүүлсэн юм. Хэрвээ мөрдлөгийн эцсийн дүгнэлтээр хил дээр болсон дэлбэрэлтэд Умард Солонгос буруутай нь тогтоогдвол Өмнөд Солонгосын арми “зохих хариу арга хэмжээг авна” гэж генерал Квон анхааруулжээ. Эх сурвалж: AFP

Read full article →