Эрхүү мужид лабораторийн ажилтан тахал өвчнөөр нас барсны улмаас 200 орчим хүнийг эмнэлгийн хяналтад авчээ
ОХУ-ын Эрхүү мужид лабораторийн ажилтан тахал өвчнөөр нас барсны дараа 200 орчим хүнийг эмнэлгийн хяналтад авчээ. Тус мужийн хөрш Буриад улсын засаг захиргааны тэргүүн Алексей Цыденов лабораторийн ажилтан эмэгтэй тодорхойгүй хэлбэрийн тахал өвчнөөр нас барсныг баталсан байна. Харин Эрхүүгийн албаныхан уг өвчнийг “онц аюултай халдвар” гэж тодорхойлжээ. Цыденов тухайн эмэгтэй өөрийнх нь удирддаг бүс нутагт зорчоогүйг Оросын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хяналтын байгууллага Роспотребнадзорын мэдээлэлд үндэслэн мэдэгдсэн байна. “Манай бүгд найрамдах улсад, тэр дундаа Монгол улстай хил залгадаг бүс нутгуудад тахал өвчин дэгдээгүй” гэж тэр сошиал хуудсандаа бичжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр нас барсан эмэгтэй нь Эрхүүгийн тахалтай тэмцэх хүрээлэнгийн ажилтан, 27-28 орчим насны Дарья Ш гэгч байсан гэнэ. Тэрбээр шинжилгээний дээж авах явцдаа амьд бактери агуулсан шилэн хоолойг санамсаргүй хагалсан тухайгаа эмнэлгийн ажилтнуудад хэлж байжээ. Эмэгтэй Мягмар гарагт хүнд хэлбэрийн уушгины хатгалгааны шинж тэмдэгтэйгээр Эрхүү хотын ойролцоох Шелехов хотын эмнэлэгт хэвтсэн юм байна. Түүнийг амьсгалын аппаратад холбосон боловч Пүрэв гарагт нас баржээ. Шелехов хотын эмнэлэгт байгуулагдсан тусгай хороо дүгнэлт гаргах хүртэл хөл хорио тогтоосон байна. Эмэгтэйтэй хавьталд орсон байж болзошгүй 197 хүнийг эмнэлгийн тусгаарлалтад авчээ. Эрхүү хотод төлөвлөгдсөн олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалж, хууль сахиулах байгууллагууд хүний амь нас хохироход хүргэсэн эрүүл мэндийн аюулгүй байдлын зөрчилд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Эрхүү мужийн захирагч Игорь Кобзев яаралтай арга хэмжээнүүдийг зохицуулах зорилгоор Роспотребнадзорын тэргүүн Анна Поповатай уулзсаныхаа дараа олон нийтэд тайван амгалан байхыг уриалжээ. “Хавьталд орсон гэж тодорхойлогдсон бүх хүмүүсийг эмнэлгийн хяналтад авсан. Өнөөдрийн байдлаар тэдгээр хүмүүсээс өвчний шинж тэмдэг илрээгүй байна” гэж тэр Баасан гарагт Телеграм сувгаараа мэдэгдсэн байна. Гэхдээ Кобзев мэдэгдэлдээ лабораторийн ажилтан нас барсан талаар дурдаагүй юм. Эх сурвалж: The Moscow Times