"Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна"

ikon.mn · world

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Агарта хотхоны баруун талын буюу Наадамчдын замын урд талаас Арцатын ам хүртэлх 350 метр урт авто замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд зорчих хэсгийг 7 метрийн өргөнтэй, хоёр талдаа тус бүр 1.5 метрийн өргөн явган хүний замтай, нэг талдаа гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөжээ.

Авто замын ажлын явцын талаар гүйцэтгэгч компанийн төлөөлөл "Есдүгээр сарын 5-нд авто зам болон явган хүний замын ажлыг бүрэн дуусгаж, цэвэрлэгээ хийнэ. Авто замын гэрэлтүүлгийг суурилуулсан бөгөөд холболт хийж, асаахад бэлэн болсон" гэв.

Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын инженер "Яармагийн босоо чиглэлийн дагуу Нүхтийн болон одоо шинээр баригдаж байгаа туслах авто зам ашиглагдана. Хүнд даацын тээврийн хэрэгсэл Нүхтийн замаар зорчино. Харин шинээр барьсан авто замаар хотхоны оршин суугчид зорчиход тохиромжтой байдлаар явган хүний зам, хурд сааруулагч тавьсан.

Дэлхийн банкны санхүүжилтээр барих 10 километр урт, зургаан эгнээ авто замын байршилтай уялдуулан хүнд даацын тээврийн хэрэгслийн өндрийн хязгаарын тэмдгийг байршуулна. Хан-Уул дүүргийн холбогдох байгууллагад мэдээллээ өгсний дараа тэмдгийг байршуулна" хэмээн өнөөдөр(2026.09.04) мэдээллээ.

Тус байршилд Дэлхийн банкны Тогтвортой авто замын төслийн хүрээнд 6 эгнээ, 10 километр урт авто замыг барих гүйцэтгэгч байгууллага тодорч, ажлаа эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байгаа аж.

Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр, босоо чиглэлийн туслах замыг нийслэлийн төсвийн 700 сая төгрөгөөр барихаар баталсан бөгөөд авто замыг барих ажил долоодугаар сард эхэлжээ.

Read full article →