"Рио Тинто групп тохижуулсан цэцэрлэгт хүрээлэнгээ өнөөдөр нийслэлд хүлээлгэж өгнө"
Хоёр жилийн өмнө буюу 2024 онд "Рио Тинто" групп нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн санхүүжилтээр Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 газрыг шинэ цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулсан билээ. Уг цэцэрлэгт хүрээлэнг нийслэлд хүлээлгэж өгөх юм байна. Энэ тухай албаны эх сурвалжуудаас тодруулснаар өнөөдөр 17:00 цагаас тус цэцэрлэгт хүрээлэнд "Улаанбаатарын үдэш" тоглолт болох бөгөөд энэ үеэр "Рио Тинто" группээс нийслэлд хүлээлгэж өгөхөөр товложээ. "Рио Тинто" групп тус цэцэрлэгт хүрээлэнг нийслэлийн эзэмшлийн газар дээр байгуулж, менежментийг нь хариуцдаг байна. Харин одоо цэцэрлэгт хүрээлэнг буцааж өгснөөр нийслэл ногоон байгууламжийн арчлалт болон менежментийг хариуцдаг болох нь. Өнөөдөр болох “Улаанбаатарын үдэш” тоглолтод дуучин Б.Хонгор, Fantasia Studio симфони оркестр, яруу найрагч С.Начин, DJ Bodikhuu, хөтлөгч, дуучин Т.Бат-Оргил зэрэг уран бүтээлчид оролцох юм байна.