Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья
“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал дээр суухад дуугарна. Бас нэг сандалд хоёр хүүхэд суудаг, түшлэггүй болохоор заримдаа тухгүй байдаг. Тиймээс тухтай ширээ, сандалтай болохыг хүсэж байна” хэмээн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн сурагч Т.Одгэрэл ярив. Ангийн зарим ширээний ирмэг элэгдэж, өнгө нь халцарсан харагдана. Хүүхдүүдийн зарим нь цүнхээ өлгүүрт өлгөхгүй, газар тавьжээ.