Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрүүл мэндийн үзлэг амны хөндийн өвчлөл болон таргалалт анхаарах түвшинд байгааг харуулжээ
Сургууль, цэцэрлэгт суурилсан эрүүл мэндийн үзлэг, эрт илрүүлгийг аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний хооронд зохион байгуулж байгаа. Эрт илрүүлгийн явц, хамрагдалтын талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өглөө. Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Цэцэрлэг, сургуульд суурилсан эрүүл мэндийн эрт илрүүлэг бол ганц удаагийн аян биш. Жил бүр явагдана. Эрт илрүүлэгт цэцэрлэгийн 3 настан, 1, 6, 9, 12 дугаар ангийнхан хамрагдах юм. Өнөөдрийн байдлаар эрт илрүүлгийн явц 30 орчим хувьтай байна. Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангиас эхлэн эрүүл мэндийн хичээл орж эхэлж байгаа. Энэ нь биеийн тамирын хичээлтэй уялдана. Сургуульд ажиллаж байгаа эмч, нийгмийн ажилтан, хоол зүйч, сэтгэл зүйч нар сургуулийн эрүүл, аюулгүй байдлыг бий болгох баг юм” гэв. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Цэцэрлэг, сургуульд суурилсан эрүүл мэндийн эрт илрүүлгийг Боловсролын яам, Эрүүл мэндийн яам хамтран зохион байгуулж байгаа. Монголд 291,998 хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна. Одоогоор 118,090 хүүхдийг хамруулаад байна. Өмнө нь 2023 онд ийм төрлийн эрт илрүүлгийг туршилтын байдлаар явуулсан. Тухайн үед 78 мянган хүүхдийг хамруулсан. Энэ удаагийн эрт илрүүлэгт хүүхдийг насны онцлогт тохирсон үзлэг хийж байгаа. Жишээ нь, гурван настай хүүхдэд аутизм, 15 настай хүүхдэд сэтгэл зүйн гэх мэт. Энэ эрт илрүүлгийн хамгийн чухал нь үзлэгийн дараах хяналт, тусламж юм. Эрсдэлийг нь үнэлээд, эрүүл мэндийн асуудлыг нь гаргаад ирлээ. Үүний дараа лавлагаа шатны эмнэлэгт нэг сарын дотор хандах нь чухал юм. Эрт илрүүлгээр хүүхдийн эрүүл мэндийн байдлыг дөрвөн түвшинд үнэлж байгаа. А нь ямар нэг асуудалгүй, B нь эрсдэлтэй, C нь тодорхой хэмжээнд эрсдэл гарч байгаа учраас эмнэлэгт үзүүлэх шаардлагатай, D нь нэг сарын дотор лавлагаа шатлалын эмнэлэгт очиж үзүүлээд эмчлүүлэх шаардлагатай гэсэн үг юм. Одоогийн байдлаар эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдийн 26 хувь нь A үнэлгээтэй байна. C, D үнэлгээг онцлох шаардлагатай байгаа юм. Эрт илрүүлэгт хамрагдаад байгаа хүүхдүүдийн 39 хувь нь C үнэлгээтэй байгаа бөгөөд тэдний дийлэнх нь амны хөндийн өвчлөлтэй байна. Харин D үнэлгээ нь 8 хувийг эзэлж байгаа. Энэ нь хүүхдийн хөгжил буюу хэт тарган, байх ёстойгоосоо намхан эсвэл өндөр гэх мэтчилэн" хэмээн ярилаа.