KFC түргэн хоолны сүлжээний АНУ-ын хэрэглэгчид ирэх оноос эхлэн Pepsi биш, Coca-Cola уудаг болно
Пүрэв гарагт түргэн хоолны сүлжээ KFC компани АНУ-ын салбаруудынхаа ундааны түншээр Coca-Cola компанийг сонгож, гэрээ байгуулжээ. Ингэснээр бараг дөчин жилийн турш үргэлжилсэн PepsiCo компанитай үүсгэсэн хамтын ажиллагаа нь өндөрлөж байна. АНУ-д 3,718 салбартай KFC-тэй хамтран ажиллахаа больсон нь PepsiCo-гийн хувьд томоохон цохилт болж болзошгүй юм. Тус компани АНУ-д хийжүүлсэн ундааны борлуулалтаа сайжруулахыг хичээж байгаа ч зардлын өсөлт болон хэрэглэгчид илүү эрүүл сонголтууд руу шилжих болсон зэрэг сорилтуудтай тулгарч байгаа. PepsiCo компанийн гүйцэтгэх захирал Рамон Лагуарта энэ сарын эхээр өсөлт болон ашгийн хэмжээг сэргээх үйл явц төлөвлөснөөс удаан үргэлжилж байгааг хүлээн зөвшөөрч байв. PepsiCo компани нь түргэн хоолны салбарт өргөжин тэлэх зорилгоор KFC сүлжээг 1986 онд худалдан авч байжээ. Хэдийгээр PepsiCo 1997 онд KFC-г өөрийн бүтцээс тусгаарласан ч KFC-г эзэмшигч Yum Brands компанийн ундааны түнш хэвээр үлдэж байсан юм. Yum Brands болон PepsiCo компаниуд Taco Bell болон олон улс дахь KFC сүлжээ ресторануудад ундаа нийлүүлэх гэрээгээ саяхан сунгасан байна. Тэдний мэдээлснээр Taco Bell-тэй байгуулсан гэрээ нь 10 жилийн хугацаатай гэнэ. Түүнчлэн PepsiCo нь сэндвичний сүлжээ болох Subway болон Jersey Mike's Subs сүлжээнүүдтэй ч ундааны түншлэлийн гэрээтэй ажилладаг. Тус компани мөн Pizza Hut сүлжээний ундааны нийлүүлэлтийг хариуцдаг бөгөөд Pizza Hut нь энэ жил л Yum Brands-ийн бүрэлдэхүүнээс гарсан юм. Харин ундааны нийлүүлэгчээ 2011 онд Coca-Cola-гаас PepsiCo руу сольсон байдаг. 2012 онд PepsiCo компани Dunkin' сүлжээтэй таван жил хамтран ажилласны эцэст тус сүлжээг Coca-Cola-д алдсан юм. KFC-ийн АНУ дахь салбаруудаар 2027 оны хавар гэхэд Coca-Cola-гийн бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж эхлэхийг тус компани мэдэгджээ. Ингэхдээ хамтын ажиллагааны санхүүгийн нөхцөлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Coca-Cola нь McDonald's болон Wendy's зэрэг бургерын сүлжээнүүдийн ундааны урт хугацааны түнш юм. Эх сурвалж: Reuters