Хангайн уулархаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын нутгаар зам, даваанд үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа

ikon.mn · world

Аравдугаар сарын 17-нд буюу өнөөдөр Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлэрхэг. Өвөрхангай, Төв аймгийн зарим, Сэлэнгийн зүүн, Дорноговь, Сүхбаатарын өмнөд, Дорнодын ихэнх сумдын нутгаар 0.0-12.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -4...-9 градус, Их нууруудын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн. Говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +7...+12 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 7 градусаар хүйтэрч 0...-2 градус хүйтэн байна. БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 5 градусаар хүйтэрч 0...-2 градус хүйтэн байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 5 градусаар хүйтэрч -1...-3 градус хүйтэн байна.

Read full article →