Ямайкийн соёлын сайд Лондонд айлчлахдаа боолчлолын үеийн нөхөн төлбөрийн хүсэлтийг Чарльз хаанд гардуулахаар болжээ

Лондон хотод айлчлан очсон Ямайк улсын засгийн газрын төлөөлөгчид өнөөдөр буюу Даваа гарагт III Чарльз хаанд бараалхахдаа боолчлолын үеийн нөхөн төлбөрийг барагдуулах хүсэлтээ гардуулахаар болжээ.

Ямайкийн соёлын сайд Оливиа Грэнжийн ахалсан төлөөлөгчид “олон зуун жилийн турш боолчлолд өртсөн Африк өвөг дээдсийнхээ төлөө нөхөн төлбөр барагдуулах ажлыг урагшлуулах болно” нийслэл Кингстон хотоос засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэн байна.

Хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудаас Ямайк анх удаагаа хуулийн дагуу нөхөн төлбөрийн асуудлыг Их Британийн хаанд тавьж байгааг уг мэдэгдэлд тайлбарлажээ.

Төлөөлөгчид Ямайкын төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэдэг Чарльз хаанд гурван асуулт тавих бөгөөд хариулт нь нөхөн төлбөрийн асуудлаар шүүх хуралд баримт болох юм байна.

Гурван асуулт нь: Африкчуудыг Ямайкт боолчлох нь Английн хуулиар зөвшөөрөгдсөн байсан эсэх, энэ нь олон улсын хууль дүрмийг зөрчсөн эсэх, Их Британи улс одоо үүний төлөө нөхөн төлбөр барагдуулах хууль ёсны үүрэгтэй эсэх ажээ.

Букинхэмийн ордны хэвлэлийн төлөөлөгч “Ямайкийн засгийн газрын Шүүхийн Зөвлөх Хороонд хэлэлцүүлэх өргөдөл гаргах хүсэлтийг бид ойлгож байна. Хаан боолчлолын асуудлаар илүү сайн ойлголттой болох, өнөөгийн нийгмийн сайн сайхны төлөө түүхэн алдааг засварлах арга замыг олоход хувийн болон чин сэтгэлийн амлалтаа удаа дараа илэрхийлж байсан билээ” гэж мэдэгдсэн байна.

Грэнж сайд бас колоничлолын үеийн эд өлгийн зүйлсийг буцааж авах асуудлаар Британийн Музейн удирдлагуудтай уулзахаар төлөвлөжээ.

Чарльз хаан, Камилла хатан хаан нар энэ оны сүүлээр Ямайкийг оролцуулалгүйгээр Карибын тэнгисийн орнуудаар есөн өдөр тойрон айлчлахаар төлөвлөөд байгаа.

Британийн хааны гэр бүл өвөг дээдсийг нь баяжуулсан харгис боолын худалдаанд харамсаж байгаагаа илэрхийлсэн ч албан ёсоор уучлалт гуйх болон нөхөн төлбөрийн амлалтаас татгалзсаар байгаа юм.

2024 онд Самоад болсон Хамтын Нөхөрлөлийн орнуудын дээд чуулга уулзалтаас Атлантын далай дамнасан боолын худалдааны өвийн асуудлыг хөндөх, нөхөн төлбөрийн асуудлаар яриа хэлэлцээний үүд хаалгыг нээх уриалга гаргаж байжээ.

Эх сурвалж: AFP

Read full article →