Монтенегро улсын дотоод, гадаад бодлого ба Монгол-Монтенегрогийн харилцааны шинэ төлөв

ikon.mn · sports

I. Удиртгал

2026 оны есдүгээр сарын 8-наас 10-ны өдрүүдэд Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь хоёр улс 2006 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцааны 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монтенегро Улсын Төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад хийж буй анхны түүхэн айлчлал юм.

Энэ удаагийн айлчлалын гол зорилго нь хоёр талын найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, ялангуяа эдийн засаг, аялал жуулчлал, байгаль орчин, ложистикийн салбарт бодит хамтын ажиллагааны суурийг тавихад чиглэгдэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны намар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцох үеэрээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичтой уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон билээ.

Уулзалтын үеэр талууд Монгол, Монтенегрогийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа харилцан сонирхсон салбаруудад өргөжиж байгааг онцолж, ирэх 2026 онд тохиох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг ёслол төгөлдөр, өргөн хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлэх талаар ярилцсан юм.

Мөн улс төр, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд хамтран ажиллах сонирхлоо тус тус илэрхийлсэн юм.

Уулзалтын үеэр Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович Монгол Улсад айлчлах хүсэлтээ илэрхийлж, айлчлалын товыг дипломат шугамаар харилцан тогтохоор тохиролцсон юм.

II. Монтенегро Улсын дотоод улс төрийн бодлого

Монтенегро Улс нь 2006 оны тавдугаар сард бүх нийтийн санал асуулгаар Серби ба Монтенегрогийн холбооноос салж, тусгаар тогтнолоо зарласан парламентын засаглалтай ардчилсан улс юм.

Тус улсын нэршлийын тухайд Монтенегро болон Черногор нь хоёулаа яг ижилхэн “Хар уул” гэсэн утгатай, нэг л улсын нэр юм. Ялгаа нь ердөө ямар хэлнээс гаралтай вэ гэдэгт л байдаг ажгуу. Монтенегро (Montenegro) гэдэг нь венеци (итали) хэлнээс гаралтай. Monte гэдэг нь “уул”, negro гэдэг нь “хар” гэсэн үг ажээ. Олон улсад энэ нэрээрээ алдаршсан байдаг. Черногор гэдэг нь тус улсын уугуул иргэдийн хэл болон славян хэлний дуудлага юм. Црна (Crna) гэдэг нь “хар”, Гора (Gora) гэдэг нь “уул” гэсэн утгатай. Оросоор Черногория гэж хэлдэг

Эрт цагт далайчид Адриатын тэнгисээс тус улсын эрэг рүү харахад Ловчен (Lovćen) уулын оройг бүрхсэн өтгөн, харанхуй нарс модон ойнууд нь бүүдгэр, хар өнгөтэй уул шиг харагддаг байснаас үүдэлтэй гэж үздэг байна.

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович 2023 оны сонгуулиар тус улсыг олон жил удирдсан Мило Жукановичийг ялж, төрийн тэргүүнээр сонгогджээ. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй, барууны боловсролтой шинэ үеийн удирдагч юм.

Дотоод бодлогын тэргүүлэх чиглэлийн хувьд өнөөгийн Засгийн газар нь авлигатай тэмцэх, шүүх засаглалыг шинэчлэх, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд анхаарч байна. Мөн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх шинэчлэлийг идэвхтэй өрнүүлж байна.

Тус улсын дотоодод Европын Холбоог тууштай баримтлагч хүчнүүд болон Сербийн талыг баримтлагч, Оросыг дэмжигч фракцуудын хооронд соёл, шашин, гадаад бодлогын үзэл баримтлалын гүн хуваагдал байдаг нь засаглалын тогтвортой байдалд томоохон сорилт болдог байна.

III. Монтенегро Улсын гадаад бодлого

Монтенегро Улс НАТО-гийн 29 дэх гишүүнээр албан ёсоор элссэн нь тус улсын үндэсний аюулгүй байдлын тулгуур багана болж байна. Монтенегро Улс 2006 онд тусгаар тогтноод, ердөө 11 жилийн дараа буюу 2017 оны зургаадугаар сарын 5-нд НАТО-гийн 29 дэх гишүүнээр маш хурдтай элссэн байдаг. Хүн ам цөөнтэй (600 гаруй мянга), ердөө 2,000 орчим цэрэгтэй энэ жижиг улс тийм богино хугацаанд НАТО-д элссэнд геополитикийн болон дотоод улс төрийн дараах 5 го шалтгаан байсан гэж судлаачид үздэг. Үүнд:

Нэгд, Сербийн зүгээс гарч болзошгүй аюул заналтай холбоотойгоор тусгаар тогтнолоо хамгаалах туйлын баталгаа чухал байжээ. Монтенегро нь олон зууны турш Сербитэй холбооны нэг улс (Югослав) байж ирсэн бөгөөд 2006 онд туурга тусгаарласан. Гэвч Сербийн тал болон Монтенегро дахь Серб үндэстнүүд үүнийг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй, эргэж нэгтгэх далд сонирхолтой байв. Жижиг улсын хувьд НАТО-гийн 5 дугаар заалт буюу “Нэг гишүүн рүү халдах нь нийт холбоотнууд руу халдсантай адил” гэсэн хамгаалалтыг авах нь Сербийн зүгээс ирэх ямар ч дарамт, заналхийллээс тусгаар тогтнолоо бүрэн хамгаалах цорын ганц баталгаа байв.

Хоёрт, Адриатын тэнгисийг бүрэн хянах НАТО-гийн ашиг сонирхол байв. Монтенегро НАТО-д элсэхээс өмнө Газар дундын тэнгисийн салбар болох Адриатын тэнгисийн эрэг дагуух бараг бүх улс (Итали, Словени, Хорват, Албани) НАТО-гийн гишүүнд элссэн байсан бөгөөд зөвхөн Монтенегрогийн эрэг л “цоорхой” болон үлдээд байжээ. НАТО тус улсыг эгнээндээ нэгтгэснээр Адриатын тэнгисийн эргийг 100 хувь өөрийн хяналтад авч, ОХУ тус бүс нутагт тэнгисийн цэргийн бааз байгуулах, нөлөөгөө тогтоох ямар ч боломжгүй болгосон байна.

Гуравт, Оросын геополитикийн нөлөөг таслан зогсоох хийгээд 2016 оны төрийн эргэлт хийх оролдлого том сорилт байжээ. Тус улсыг олон жил удирдсан Мило Жуканович Оросын хараат байдлаас гарахыг тууштай зорьсон. Үүнийг эсэргүүцсэн ОХУ-ын тусгай албад 2016 оны сонгуулийн үеэр Монтенегрод төрийн эргэлт хийж, Ерөнхий сайдын амь насыг бүрэлгэж, Өрнөдийг баримтлагч Засгийн газрыг унагах хуйвалдаан зохион байгуулсан нь илчлэгдсэн юм.

Энэхүү дуулиан нь Монтенегрогийн удирдлагуудыг сүрхий цочроож, НАТО-д элсэх үйл явцыг улам түргэсгэх, Өрнөд ч тус улсыг яаралтай хамгаалалтдаа авах шалтгаан болсон байна.

Дөрөвт, Европын Холбоонд (ЕХ) элсэх чухал “гүүр” болсон байна. Монтенегрогийн туйлын зорилго бол Европын Холбооны гишүүн болж, эдийн засгаа хөгжүүлэх явдал юм. Хуучин социалист системийн орнуудын туршлагаас харахад НАТО-д элсэх нь ЕХ-ны гишүүн болох хамгийн анхны бөгөөд заавал давах ёстой шалгуур байдаг. Өрнөдийн стандарт, ардчилсан шинэчлэл, аюулгүй байдлын шаардлагыг хангаж чадсанаа НАТО-гоор дамжуулж баталсан хэрэг байв.

Тавд, Балканы хойгийг тогтворжуулах Өрнөдийн бодлогын чин эрмэлзэл байв. АНУ болон Европын тэргүүлэх гүрнүүд “Европын дарьтай торх” гэгддэг Балканы хойгт дахин Босни-Херцеговинийн дайн шиг томоохон зэвсэгт мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэхийг зорьж байв. Монтенегро шиг стратегийн ач холбогдолтой жижиг улсыг НАТО-д яаралтай авснаар бүс нутагт тогтвортой байдал бэхжиж, Орос болон бусад гуравдагч хүчний нөлөөлөл хумигдана гэж тооцжээ

Хэдийгээр төр засаг нь НАТО-д маш хурдан элссэн ч ард иргэдийнх нь дунд санал бодол яг тал хуваагдаж байжээ. Тухайн үед хүн амынх нь 40 орчим хувь ялангуяа Серб үндэстнүүд дээрх үйл явдлыг эсэргүүцэж байжээ. Учир нь 1999 оны Косовогийн дайны үед НАТО Югославыг (үүнд Монтенегрогийн зарим цэргийн байгууламж багтсан) бөмбөгдөж байсан түүхэн гомдол иргэдийн дунд амьд байсантай холбоотой байжээ. Гэвч Засгийн газар нь бүх нийтийн санал асуулга явуулалгүй, шууд парламентын шийдвэрээр НАТО-д элсэх хуулийг баталж чадсанаар тийнхүү хурдан, амжилттай элсжээ.

ЕХ-ны гишүүнчлэлийн хувьд гадаад бодлогын хамгийн гол стратегийн зорилго бол Европын Холбоонд элсэх явдал юм. Монтенегро нь ЕХ-ны гишүүн болох хамгийн өндөр магадлалтай орноор нэрлэгддэг бөгөөд тус улсын Засгийн газар 2028 он гэхэд Европын Холбооны 28 дахь гишүүн улс болох зорилт тавин ажиллаж байна.

Монтенегро Улс нь ЕХ-нд элсэх хэлэлцээний шатанд хамгийн түрүүнд урагшлан алхаж буй "шилдэг" нэр дэвшигч юм. Өдгөө хэлэлцээрийн шаардлагатай 33 бүлгээс 18 бүлгийг амжилттай хаагаад байгаа бөгөөд үлдсэн бүлэг зүйлүүдийг 2026 оны эцэс гэхэд техникийн хувьд хаахаар шахан ажиллаж байгаа ажээ.

Гэсэн хэдий ч тус улсын ЕХ-нд элсэх эцсийн шатанд дотоод, бүс нутгийн болон ЕХ-ны зүгээс ирж буй дараах 5 гол сорилт, саад бэрхшээлүүд тулгарч байгаа ажээ. Үүнд: Нэгд, Шүүх засаглалын шинэчлэл ба хууль дээдлэх ёсыг (Бүлэг 23, 24) бэхжүүлэх явдал чухал байгаа ажээ. Энэ нь ЕХ-ны зүгээс тавьж буй хамгийн хатуу бөгөөд гол шаардлага ажээ.

Монтенегрод авлигатай тэмцэх ажил хурдацтай явагдаж байгаа ч ЕХ-ны зүгээс үүнийг хангалтгүй, зөвхөн “косметик” буюу өнгөн талын шинэчлэл гэж шүүмжлэх явдал байдаг. Түүнчлэн тус улсын түүхэнд нөлөө ихтэй байсан тамхи, хар тамхины хууль бус наймааны бүлэглэлүүдийг бүрэн устгах сорилт байсаар байна.

Шүүх, прокурорын байгууллагыг улс төрөөс бүрэн ангид хараат бус байлгах, томилгоог ил тод болгох шинэчлэл удаашралтай байна гэсэн шүүмжлэл байдаг.

Хоёрт, Дотоод улс төрийн хуваагдал асуудал болсоор байна. Өнөөгийн Засгийн газрын эвсэлд Өрнөдийг баримтлагч хүчнүүдээс гадна Сербийг дэмжигч болон Оросын талыг баримтлагч фракцууд багтаж байна.

Энэхүү дотоод улс төрийн тогтворгүй байдал, үзэл баримтлалын зөрчилдөөн нь ЕХ-ны шаардлагын дагуу хууль тогтоомжуудыг нэгдсэн саналаар, хурдтай батлахад гол тушаа болж байна.

Гуравт, Гадны нөлөөлөл ба кибер заналхийлэл сорилт болсоор байна. Монтенегрогийн Ерөнхий сайд Милойко Спайичийн мэдээлснээр, тус улсыг ЕХ-нд элсүүлэхгүйн тулд бүс нутгийн болон гуравдагч орнуудын зүгээс дуулиан тарих, хуурамч мэдээлэл тараах, кибер халдлага үйлдэх зэрэг “хайбрид” дайралтуудыг байнга үзүүлж байна. ЕХ-ны зүгээс үүнийг хүлээн зөвшөөрч, Монтенегрогийн кибер аюулгүй байдлыг хамгаалахад тусалж байгаа ажээ.

Дөрөвт, Европын Холбооны дотоод улс төр буюу Францын эрсдэл асуудал болж байгаа ажээ. ЕХ-нд шинэ гишүүн элсүүлэхийн тулд Франц улсын хуулиар бүх нийтийн санал асуулга явуулах, эсвэл парламентынх нь тавны гурав (3/5) нь зөвшөөрөх ёстой. Гэтэл Францын иргэдийн ердөө 35 хувь нь л ЕХ-г өргөтгөхийг дэмждэг байна. Ирэх жилүүдэд Франц зэрэг ЕХ-ны гол орнуудад ЕХ-ны өргөжилтийг эрс эсэргүүцдэг баруун төвийн популист хүчнүүд (жишээ нь, Марин Ле Пен) засгийн эрхэнд гарвал Монтенегрогийн элсэлтийг шууд хориг тавих эрсдэлтэй байна.

Тавд, Хэлэлцээний явцад гарч ирсэн сонирхолтой нэг саад бол хэлний асуудал байжээ. Хэрэв Монтенегро ЕХ-нд элсвэл түүний үндэсний хэл болох Монтенегро хэл нь ЕХ-ны албан ёсны хэл болно. Гэвч ЕХ-ны зарим дипломатууд энэ хэлийг Хорват, Серби хэлтэй дэндүү төсөөтэй тул ЕХ-ны төсвөөс нэмж бөөн Монтенегро хэлний орчуулагч хөлслөх шаардлага байгаа эсэхэд эргэлзэж, маргаан үүсгэж байжээ.

Монтенегро Улс ОХУ-ын Украины эсрэг хийсэн цэргийн түрэмгийллийг анхнаас нь эрс буруушаасан. Тус улсын парламент 2022 онд Украиныг дэмжих тусгай тогтоолын төслийг баталж байжээ.

ЕХ-ны Гадаад бодлого, аюулгүй байдлын нэгдсэн чиг шугамыг 100 хувь тууштай дагаж, Оросын эсрэг эдийн засаг, санхүүгийн бүх хориг арга хэмжээнд нэгдэж, хэрэгжүүлж байна.

Украины тусгаар тогтнолыг дэмжиж, цэргийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байх бөгөөд нэг хүнд ногдох Украины дүрвэгсдийг хүлээн авсан тоогоор бүс нутагтаа тэргүүлдэг байна.

Өрнөдийн орнууд, тэр дундаа АНУ-ыг стратегийн гол холбоотон гэж үздэг. Үндэсний аюулгүй байдал, кибер хамгаалалтын чиглэлээр АНУ-аас шууд дэмжлэг авдаг ажээ.

2006 онд тусгаар тогтносноос хойш Оросын хөрөнгө оруулалт, аялал жуулчлал Монтенегрод маш том жин дардаг байжээ. Гэвч Монтенегро НАТО-д элсэж, Украины дайнтай холбоотой ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригт нэгдсэн тул өдгөө ОХУ-тай харилцаа эрс муудаж, Оросын “найрсаг бус орны” жагсаалтад орсон байна.

БНХАУ-ын дэвшүүлсэн “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Хятадын Эксим банкны зээлээр Бар-Боляре хурдны замыг тавьжээ. Энэ нь тус улсын ДНБ-ий хэмжээтэй харьцуулахад маш том “өрийн дарамт” үүсгэсэн гэх шүүмжлэл дагуулж байсан тул сүүлийн жилүүдэд ЕХ-ны банкуудын тусламжтай дахин санхүүжүүлж, хараат байдлаа бууруулж байгаа ажээ

IV. Монгол-Монтенегро: Харилцааны шинэ төлөв

Монгол Улс, Монтенегро Улсын хооронд 2006 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ. Монгол Улс нь Монтенегрог тусгаар тогтнолоо зарласны дараа хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон Азийн анхны орнуудын нэг юм.

Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын хүрээнд бие биенээ дэмжиж, найрсаг харилцаагаа хадгалж иржээ. Хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын анхны улс төрийн зөвлөлдөх уулзалт 2026 оны тавдугаар сард Монтенегро Улсын нийслэл Подгорица хотноо зохион байгуулагдаж, харилцааг идэвхжүүлэх Замын зураглалыг гаргасан байна.

Хоёр улсын газар зүйн байршил, эдийн засгийн давуу талуудад тулгуурлан дараах салбаруудад хамтын ажиллагаа хөгжүүлэх бодит боломж байна.

Монтенегро нь Адриатын тэнгисийн эрэг дагуух байгалийн үзэсгэлэнт газар, түүхийн өвдөө тулгуурлан ДНБ-ийхээ 20 гаруй хувийг бүрдүүлэх хүртэл аялал жуулчлалыг дээд зэргээр хөгжүүлжээ. Монгол Улс тус улсаас аялал жуулчлалын менежмент, эко-аялал жуулчлалын стандарт, үйлчилгээний соёлын туршлага судлах боломжтой. Мөн иргэдийг харилцан визгүй зорчуулах хэлэлцээр байгуулах нь аялал жуулчлалыг дэмжих анхны алхам болох болов уу.

Монтенегро нь Үндсэн хуульдаа “Экологийн улс” гэж тунхагласан дэлхийн анхны орнуудын нэг юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэх чиглэлээр хоёр улс олон улсын тавцанд дуу хоолойгоо нэгтгэх боломжтой.

Монтенегро улсын төлөөлөгчид саяхан Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилтийн эсрэг конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд (UNCCD COP17) албан ёсоор оролцов.Хуралдааны шийдвэрлэх үе шатанд буюу 2026 оны наймдугаар сарын 26-ны өдөр Европын Холбоо, түүний гишүүн орнууд болон Монтенегро улс хамтран Улаанбаатар хотоос “Хүсэл эрмэлзлийг хэрэгжүүлэхэд чиглүүлэх нь” (Keeping Ambition Focused on Implementation) сэдэвт албан ёсны Хамтарсан Мэдэгдэл гаргасан байна.

Хурлын хэлэлцүүлгийн явцад НҮБ-ын конвенцын хэрэгжилтийг хянах хорооны хуралдаанаар тогтвортой хөгжил, санхүүжилтийн нөөцийг дайчлах асуудлыг хэлэлцэхэд Монтенегро улсын албан ёсны төлөөлөгч биечлэн байр сууриа илэрхийлж, үг хэлсэн байна.

Ерөнхийлөгч Яков Милатовичийн төрийн айлчлалын үеэр энэхүү COP17 уулзалтын үр дүн болон байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хоёр улс цаашид хэрхэн хамтран ажиллах тухай асуудал албан ёсны хэлэлцээний нэг чухал сэдэв байх хүлээлттэй байна.

Монтенегро улсын Адриатын тэнгис дэх Бар порт (Port of Bar) нь Төв болон Зүүн Европ руу нэвтрэх стратегийн чухал гарц юм. Далайд гарцгүй Монгол Улсын хувьд Европын зах зээлд ачаа тээвэр хүргэх, ложистикийн сүлжээг өргөжүүлэхэд Бар боомтыг ашиглах боломжийг судлах нь урт хугацааны эдийн засгийн ач холбогдолтой.

Хоёр улсын дипломат харилцааны 20 жилийн ойд зориулан хамтарсан соёлын өдрүүд зохион байгуулах, шуудангийн марк гаргах, боловсролын салбарт оюутан солилцооны хөтөлбөр эхлүүлэх нөөц бий.

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн маргааш эхлэх төрийн айлчлал нь Монгол Улсын “Гуравдагч хөрш"-ийн гадаад бодлогын хүрээнд Европын орнуудтай түншлэлээ бэхжүүлэх алхам юм. Хоёр улс хэдийгээр газар зүйн хувьд алс хол боловч аялал жуулчлал, экологи, логистик зэрэг эдийн засгийн прагматик салбаруудад харилцан ашигтай хамтран ажиллах бүрэн боломжтой байна.

Read full article →