Б.Ган-Очир: Энэ жил Улаанбаатар хотод нэг иргэн угаартаж нас барвал Б.Пүрэвдагва хариуцлага үүрч, огцрох ёстой
Ардчилсан намын гишүүд Улаанбаатар хотын иргэдийн хэрэглэж байгаа түлштэй холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр нийслэлийн Ардчилсан намын дарга Б.Ган-Очир энэ жил дахин нэг иргэн угаартаж нас барвал хотын дарга Б.Пүрэвдагва хариуцлага хүлээх ёстой талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Нийслэлийн Монгол ардын намын даргаар нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва томилогдсон. Нутгийн өөрөө удирдах ёсыг уландаа гишгэж, иргэдээс сонгогдоогүй Б.Пүрэвдагва Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг дээр нутгийн өөрөө удирдах ёсыг дахин зөрчиж хүчээр томилгоо хийж эхэлсэн. Сүүлийн долоон жилийн хугацаанд нийслэлийн 900 гаруй иргэд сайжруулсан нэртэй шахмал түлшинд угаартаж нас барлаа. 2024 оны утааны сонсголын үеэр Ж.Чинбүрэн гишүүн "779 хүн угаартаж нас барсан" гэсэн. Өнгөрсөн жил 110 орчим хүн угаартаж нас барсан. Хэн хариуцлага үүрсэн бэ. Энэ ямар Орос, Украины дайн уу. МАН сайжруулсан шахмал түлш нэрийдлээр сонгуулиа санхүүжүүлдэг мөнгө босгохын тулд Монголын бүх стандартыг үл огоорч, 900 гаруй хүнээ угаартуулж алсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон одоо байгаа хотын дарга хариуцлага үүрэх үү. Улаанбаатар хотод 2019 онд Толгойт, Налайхад хоёр сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барьсан. Толгойтын сайжруулсан шахмал түлшний үйлдвэр хоёр их наяд төгрөгийн өр үлдээгээд хаагдсан. Налайхын жаахан хэсэг ажиллаж байна. Иргэдийн татварын 300 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас хагас коксожсон түлш авсан. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд яагаад стандартын үйлдвэр бариагүй юм бэ. Одоо хагас коксожсон үйлдвэр барих юм гэнэ. Хэрэв энэ жил Улаанбаатар хотод нэг иргэн угаартаж нас барвал Б.Пүрэвдагва хариуцлага үүрч, огцрох ёстой. Нийслэлийн 5.2 их наяд төгрөгөөр баталсан төсөв одоо 1.6 их наяд төгрөгөөр танагдаж байгаа. Метро, трамвай, хурдны замын төсөв танагдаж байгаа учраас түгжрэл яг хэвээрээ. Өнгөрсөн хугацаанд МАН-ын хувьд "иргэд түлшээ буруу түлээд нас барсан" гэж ярьсан. Ардчилсан нам зургаан жил өмгөөлөл явуулж энэ онд анх удаа Монголын төр иргэнээ угаартуулсан гэх Дээд шүүхийн шийдвэр гарсан. МАН 10 жил засагласан атал 900 иргэдээ алсан нэг ч хүн хариуцлага үүрээгүй" гэв.