2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны эхний арван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 29.7 их наяд төгрөгт хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс төсвийн орлого 4.6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн бол төсвийн зарлага болон цэвэр зээл 27.4 их наяд төгрөг болж 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний 10 сард 27.4 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. 2025 оны эхний 10 сард 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай гарч байжээ. Татварын нийт орлого 2026 оны эхний 10 сард 23.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.5 (11.7%) их наяд төгрөгөөр өсөхөд нийгмийн даатгалын орлого 767.5 (17.3%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 835.5 (17.3%) тэрбум төгрөг, орлогын албан татварын орлого 728.2 (10.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин онцгой албан татварын орлого 46.8 (5.6%) тэрбум төгрөгөөр буурчээ. 2026 оны эхний 10 сард татварын нийт орлогын 31.7 хувийг орлогын албан татвар, 23.7 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 21.8 хувийг нийгмийн даатгалын орлого, 6.7 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 3.3 хувийг онцгой албан татварын орлого, 12.9 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлж байна. Орлогын албан татварын 65.1 хувийг ААНОАТ, 34.9 хувь (буцаан олголтыг оруулсан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлжээ. Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний 10 сард 27.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.5 (10.2%) их наяд төгрөгөөр өсжээ. Зарлага өсөхөд бараа үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеэс 949.8 (11.8%) тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 485.4 (9.9%) тэрбум төгрөгөөр, урсгал шилжүүлэг 937.0 (9.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. 2026 оны эхний 10 сард нийт зардалд урсгал шилжүүлэг 39.1 хувь, бараа үйлчилгээний зардал 33.1 хувь, хөрөнгийн зардал 19.8 хувь, хүүгийн зардал 4.8 хувь, татаас 3.2 хувийг эзэлж байна. Хөрөнгийн зардал 2026 оны эхний 10 сард 5.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 485.4 (9.9%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд барилга байгууламжийн зардал 189.8 (5.4%) тэрбум төгрөгөөр, тоног төхөөрөмжийн зардал 93.8 (23.8%) тэрбум төгрөгөөр, их засварын зардал 32.3 (12.2%) тэрбум төгрөг, бусад хөрөнгийн зардал 131.9 (18.1%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.