Европын Холбооны таван улс орогнол авч чадаагүй цагаачдыг Руанда улс руу илгээх төлөвлөгөөгөө зарлалаа
Европын Холбооны гишүүн таван улс орогнол хүсэгчдээс татгалзсан хариу авсан хүмүүсийг ирэх оноос эхлэн Африк тивийн Руанда улс дахь цагаачлалын төв рүү илгээх төлөвлөгөөтэй байгаагаа Даваа гарагт зарлалаа. Энэхүү шийдвэр нь эмзэг бүлгийн хүмүүсийг хүчирхийлэл, дарамтад өртөх эрсдэлд оруулна гэж үзсэн хүний эрхийн байгууллагуудын зүгээс шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч байна. Руанда улстай хэлэлцэж дуусаагүй байгаа уг төлөвлөгөөний дагуу цагаачдыг тус улс руу илгээх бөгөөд тэндээс тэд эх орондоо буцах, Руандад суурьших, эсвэл хууль ёсоор оршин суух эрхтэй өөр улс руу явах гэсэн гурван сонголтын нэгийг хийх боломжтойг мэдэгджээ. Австри, Дани, Герман, Грек, Нидерланд улсууд уг төлөвлөгөөг Европыг чиглэсэн цагаачлалын урсгалыг хязгаарлах зорилготой гэж тайлбарлаж байна. Европын Холбоо олон жилийн турш цагаачлалын дүрэм журмыг чангатгах, ирж буй орогнол хүсэгчдийн тоог бууруулах, мөн оршин суух эрхгүй цагаачдыг албадан гаргах ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж ирсэн. Данийн ерөнхий сайд Метте Фредериксен “Энэ нь нөхцөл байдлыг эрс өөрчлөх алхам болно гэж би бодож байна. Ингэснээр бид хууль бус цагаачлалтай холбоотой томоохон сорилтуудыг шийдвэрлэх боломжтой болно. Бид хүн хууль бусаар хил давуулагчдын 'бизнес загвар'-ыг нурааж, хил хязгаараа дахин хяналтдаа авч, хууль бус цагаачлалыг өдөөж буй хүчин зүйлсийг арилгах болно" гэж мэдэгджээ. Руанда улсын дотоод хэргийн сайд Винсент Бирута тус улс Европт оршин суух эрхгүй хүмүүст "хоёр дахь боломж" олгохоор болж буйг мэдэгдсэн байна. Тус улсад ирсэн хүмүүс "өөрсдийн хүсэл сонирхлын дагуу эх орондоо сайн дураараа буцах, Руандагийн нийгэмд уусан нэгдэх, эсвэл хууль ёсоор оршин суух эрхтэй өөр улс руу шилжин суурьших" боломжтой болохыг тэр нэмж хэлжээ. Кигалигийн (Руандагийн нийслэл) эрх баригчид дүрвэгсдийн хүний эрхийг хэрхэн хангах талаар асуухад Бирута "Хөндлөнгийн хяналтын механизм ажиллах болно" гэж хариулаад энэ асуудлаар НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагтай (UNHCR) хамтран ажиллахаа амласан байна. Харин хүний эрхийн байгууллагууд уг төлөвлөгөөг шүүмжилж, Европын Холбооны улсууд тэнд (Руандад) хүний эрх бүрэн хангагдана гэдэг баталгаа өгч чадахгүй гэж дүгнэжээ. Тусламжийн байгууллагууд, үйлдвэрчний эвлэлүүд болон хүний эрхийн нийт 47 байгууллага хамтарсан мэдэгдэлдээ Европын Холбооны таван улсад Руандагийн төлөвлөгөөнөөсөө татгалзахыг уриалсан байна. Их Британи улс бас 2020 онд буцаагдсан цагаачдыг Руанда улс руу илгээх гэрээ байгуулсан ч нэлээд эсэргүүцэлтэй тулгарсны эцэст 2022 онд цуцалж байжээ. Их Британийн дээд шүүх 2022 оны уг хэлэлцээрийг хууль бус гэж үзсэн шалтгаан нь Руанда улсыг цагаачдыг илгээх боломжтой аюулгүй гуравдагч улс гэж үзээгүйгээс болсон юм. Эх сурвалж: Reuters