Тэр угаасаа явдаг. Гэхдээ илүү томорч буцаж ирдэг
Гишүүн асан С.Дэмбэрэлийн "Би угаасаа хоцордог" хэмээх алдарт хэллэг шиг тэр угаасаа явдаг. Тэр бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Тэрбээр өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх болсноо зарлав. Түүний тамгын газрын даргын хэлснээр чөлөөлөгдөх хүсэлтийг маргааш байнгын хороогоор, нөгөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Хэвлэлийн төлөөлөгч нь Ерөнхийлөгчийн мэдээлэл хийх гэж байгаа тухай зарыг өөрийн цахим хаягаар нийтэд гэнэт хүргэсэн. Гэхдээ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах шийдвэр нь мэдээлэл хийх тухай зар шигээ гэнэтийн байгаагүй нь лавтай. Энэ бүхэн Бодь Интернэшнл ХХК Тавантолгойн төмөр замын төсөл хэрэгжүүлэхдээ 110 сая ам.долларыг нэр бүхий улстөрчдөд тараасан гэх Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын мэдээллээс эхтэй мэтээр харагдаж буй. Ерөнхийлөгч ч "Хүн үнэмшихийн аргагүй, онц ноцтой гэмт хэрэгт гүтгэн доромжилж байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхэм үүрэгт ажлаа хүлээлгэн өгч миний нэр хүндийг гутаан доромжилж байгаа этгээдүүдийг холбогдох газарт нь өгч, нэр төрөө сэргээлгэнэ" хэмээсэн юм. Чимээлж буй Ерөнхийлөгчийн сонгууль, өөрийнх нь хөрөнгө орлоготой холбоотой дуулиан, Бодийн $110 саяын тухай яриа, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гэнэт ухаан орсон мэт шаардлага зэрэг олон "хүчин зүйл"-ийн нэгдэл өнөөдрийн чөлөөлөгдөх хүсэлт гаргах шалтгаан болсон нь гарцаагүй. Харин түүний дараагийн нүүдэл хаа хүрэх бол. Эргэн санацгаая. 2012 он . УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх эхнэрээ эмчүүлнэ гэдэг шалтгаанаар бүрэн эрхээсээ татгалзаж, хүсэлтийг нь УИХ хүлээн авч, чөлөөлж байжээ. Хэдийгээр тухайн үед чөлөөлөгдөх шалтгаанаа хувийн асуудалтайгаа холбон тайлбарласан ч 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ын генсекээр ажиллаж байсан түүнийг намаа сонгуульд ялагдахад хүргэсэн хариуцлагаа хүлээж, гишүүнээсээ татгалзлаа хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байв. Энэхүү "явалт"-ын дараа тэрбээр Засгийн газрын гишүүн Шадар сайдаар ажиллаж эхэлсэн юм. 2017 он . У.Хүрэлсүх Шадар сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Тэрбээр "Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын бохир үйл ажиллагаа, 60 тэрбумын гэх төрийн албыг үнэлж зарсан хэрэгтэй эвлэрч чадахгүй тул цаашид хамтран ажиллах боломжгүй боллоо" хэмээгээд чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байжээ. Гэсэн ч 2017 оны наймдугаар сард Шадар сайдаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан тэрбээр мөн оныхоо аравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон. 2021 он. Төрөөд хэдхэн хонож байсан эмэгтэйг нялх хүүхэдтэй нь дан хувцастайгаар хүйтэн машинд суулган авч явсан эрүүл мэндийн салбарынхны хариуцлагагүй байдалд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлага хүлээн огцорсон юм. Гэхдээ тэрбээр энэ алхмаараа Засгийн газрын тэргүүнээс төрийн тэргүүн болон эргэн ирсэн билээ. 2026 он. Тиймээ тэр угаасаа явдаг. Гэхдээ илүү томорч буцаж ирдэг.