"Нийтийн тээврийн үйлчилгээний бодит нөхцөл байдлын талаар иргэдийн санал, гомдлыг хүлээж авч байна"

ikon.mn · world

Нийслэлийн нийтийн тээвэр, такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хэсэг байгуулагджээ. НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээлснээр ажлын хэсэг нийслэлийн нийтийн тээврийн болон такси үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ, дүн шинжилгээ хийж, иргэдийн эрэлт хэрэгцээ, үйлчилгээний чанар, хүртээмжийг тодорхойлон, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлт боловсруулах аж. Энэ хүрээнд автобусны хүрэлцээ, хөдөлгөөний давтамж, хүлээлгийн хугацаа, өглөө, оройн оргил ачааллын үеийн зохицуулалт, такси үйлчилгээний хүртээмжийг судалж, бодит нөхцөл байдалд хяналт тавихаар төлөвлөжээ. Тухайлбал үйлчилгээнд гарч буй автобусны тоо оргил ачааллын үед хэр хүрэлцэж байгаа, автобус ирэх хугацааны мэдээлэл иргэдэд үнэн зөв хүрч байгаа эсэх, нийтийн тээврийн нэгдүгээр эгнээний ашиглалт, оройн цагаар болон алслагдсан чиглэлд үзүүлж буй үйлчилгээ зэргийг судлахаар болжээ. Ингэхдээ богино хугацаанд шийдвэрлэх боломжтой арга хэмжээг тодорхойлж, өвлийн ид хүйтний улирал эхлэхээс өмнө хэрэгжүүлэх юм байна. Иймд иргэд нийтийн тээврийн автобус болон такси үйлчилгээтэй холбоотой санал, гомдол болон бусад мэдээллийг 7004-4040 дугаарын утсаар холбогдож өгөхийг хүслээ. Нийслэлийн нийтийн тээвэр, такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд НИТХ-ын төлөөлөгч, дүүргийн засаг дарга, Нийтийн Тээврийн Бодлогын Газрын(НТБГ) төлөөллүүд багтжээ.

Read full article → Compare