Өнөөдөр хөрөнгийн зах зээлд анх удаа хөл тавих Anthropic компани нэгж хувьцааны ханшаа $83-аар тогтоолоо
Улаанбаатарын цагаар өнөөдөр шөнө АНУ-ын хөрөнгийн зах зээлд анх удаа хувьцаагаа гаргах Anthropic компани нэгж хувьцааны үнийг $83-аар тогтоосноо Лхагва гарагт зарлажээ. Ингэснээр хиймэл оюуны салбарын тэргүүлэгчдийн нэг тус компанийн хөрөнгийн зах зээлд гарах ажиллагаа түүхэн дэх хамгийн том IPO (Initial Public Offering) болж магадгүй болж байна. Тус компанийн хувьцаа Пүрэв гарагаас эхлэн "ANT" гэсэн тэмдэглэгээгээр (ticker symbol) арилжаалагдаж эхлэх бөгөөд гүйцэтгэх захирал Дарио Амодей болон бусад үүсгэн байгуулагчид Nasdaq хөрөнгийн биржийн арилжааг нээх хонхыг цохих юм. Энэхүү үнэ нь Anthropic компанийн өмнө нь тооцоолж байсан үнэлгээнээс өндөр байна. Сан-Францискод төвтэй, 2021 онд үүсгэн байгуулагдсан тус компани өнгөрсөн долоо хоногт нэгж хувьцааныхаа үнийг $70-$78 байхаар урьдчилан тогтоож байв. Хэрэв бүх хувьцааг энэ ханшаар тооцвол Anthropic компанийн зах зээлийн үнэлгээ $1.26 их наядаас $1.41 их наядын хооронд хүрэх байлаа. Илон Маскийн SpaceX компани зургаадугаар сард Уолл Стрийтэд $1.77 их наядын үнэлгээтэйгээр гарч, тухайн үедээ хамгийн том IPO болж байв. Харин Anthropic хувьцааныхаа үнийг $83-aaр тогтоосноор SpaceX-ийн үзүүлэлтийг давах боломжтой болжээ. Гүйцэтгэх захирал Амодей болон түүний хамт үүсгэн байгуулсан зургаан хамтрагч нь IPO-ийн хүрээнд тус бүр ойролцоогоор $260 саяын үнэ бүхий хувьцаагаа худалдахаар төлөвлөж байна. Үнийн дээд хязгаараар тооцвол үүсгэн байгуулагчдын эзэмшиж буй хувьцааны үнэлгээ тус бүр $18 тэрбумыг давах болно. Өнгөрсөн сард IPO хүсэлтээ гаргах үедээ Anthropic компани орлого нь хэрхэн хурдацтай өсөж байгааг танилцуулж байв. Үүнд 2023 онд $41 сая, 2024 онд $386 сая, 2025 онд $4.585 тэрбум (1,000 хувиас дээш өсөлт), харин 2026 оны эхний зургаан сарын байдлаар $16.286 тэрбумын орлого олсон гэжээ. Мөн тус компани зургаадугаар сарын эцсийн байдлаар нийт $141.1 тэрбумын хөрөнгө босгосноо мэдээлсэн байна. Орлого ийнхүү өсөж байгаа хэдий ч Anthropic компани 2026 оны эхний хагас жилд $80 тэрбумын цэвэр алдагдал хүлээснээ зарлажээ. Хөрөнгө оруулагчдад зориулсан танилцуулгад дурдсанаар Anthropic компанийн хамгийн том зардал нь дата төвүүдийн тооцооллын хүчин чадлыг худалдаж авахад зарцуулдаг мөнгө юм байна. Тус компани ирэх 12 сарын хугацаанд $70 тэрбум гаруйгаар тооцоолсон худалдан авалт болон түрээсийн гэрээтэй бөгөөд 2030 он гэхэд $450 тэрбум гаруй, 2045 он гэхэд дахин $450 тэрбумыг үүнд төлөх төлөвтэй байгаа аж. Anthropic нь хиймэл оюун ухааны өсөлтийн тэргүүн эгнээнд яваа олон нийтэд нээлттэй болсон анхны компани бөгөөд түүний гүйцэтгэл нь хөрөнгө оруулагчдын урам зоригт нөлөөлөх магадлалтай юм. Өрсөлдөгч OpenAI энэ оны сүүлээр Уолл Стрийтэд гарахаар төлөвлөж байсан ч гүйцэтгэх захирал Сэм Олтмэн тус компани аюулгүй байдлын асуудлаа шийдвэрлэх хүртэл IPO-гоо хойшлуулахаар шийдсэнээ мэдэгдэж байв. Anthropic-ийн IPO нь хиймэл оюун ухаан болон хөрөнгийн зах зээлийн хувьд тогтворгүй цаг үетэй давхцаж байна. Өнгөрсөн сард хиймэл оюуны технологийн салбарын санаа зовоосон асуудлуудаас улбаатай хэд хэдэн компанийн хувьцааны үнэ буурч, салбарын өсөлт илүү өргөн хүрээтэй удааширсан. Дараа нь өнгөрсөн долоо хоногт хиймэл оюун ухааны компаниуд чатботуудаа ажиллуулахын тулд ашигладаг чипүүдийг зохион бүтээдэг Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан гэр бүлээс гадуур харилцаануудын улмаас огцорсон нь нэлээд том дуулиан тарьсан юм. Эх сурвалж: Reuters