Хиймэл оюуны хөгжил Өмнөд Солонгосыг жилийн экспортын хэмжээ нь $1 их наядыг давсан дэлхийн дөрөв дэх улс болгов
Дэлхий дахинд хиймэл оюун ухааны (AI) хөгжил эрчимжиж, хагас дамжуулагчийн эрэлт нэмэгдсэний үр дүнд Өмнөд Солонгос улсын жилийн экспортын хэмжээ түүхэндээ анх удаагаа $1 их наядын босгыг давжээ. Ингэснээр тус улс АНУ, Герман, Хятадын дараа энэхүү амжилтад хүрсэн дэлхийн дөрөв дэх улс болж байна. Тус улсын худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны мэдээлснээр Пүрэв гарагийн 14:09:38 цагт тус улсын нийт экспортын хэмжээ $1 их наядад хүрчээ. Энэхүү амжилт нь АНУ, Герман улсууд 2006 онд, харин Хятад улс 2007 онд тус тус $1 их наядын экспортын босгыг давснаас хойш 19 жилийн дараа тохиож байна. Засгийн газрын тооцооллоор өнгөрсөн онд $709.3 тэрбумд хүрч, дээд амжилт тогтоож байсан бол энэ онд жилийн экспортын хэмжээ ойролцоогоор $1.17 их наядад хүрэх төлөвтэй байгаа гэнэ. Тус яамны тайлбарласнаар дэлхийн технологийн компаниудын хиймэл оюун ухаанд (AI) оруулж буй хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь экспортын өсөлтийн гол хөдөлгөгч хүч болжээ. Энэ нь хагас дамжуулагч болон компьютерын эрэлтийг нэмэгдүүлж, санах ойн чипийн үнийг өсгөхөд хүргэсэн байна. DRAM, NAND зэрэг санах ойн чипийн үнэ өссөний улмаас нэгдүгээр сараас аравдугаар сарын хооронд хагас дамжуулагчийн экспорт $396.8 тэрбумд хүрсэн нь өмнөх жилийн мөн үеийн $135.4 тэрбумтай харьцуулахад бараг гурав дахин өссөн үзүүлэлт болжээ. Мөн хиймэл оюун ухааны дата төвийн дэд бүтцийн эрэлт нэмэгдсэн нь компьютер, цахилгаан тоног төхөөрөмж, өнгөт металлын (үүнд хадгалах төхөөрөмж, трансформатор, цахилгааны кабель, зэс, хөнгөн цагаан зэрэг багтана) экспортыг өсгөхөд нөлөөлсөн юм байна. Ойрх Дорнодын хямрал, Орос улс экспортын хязгаарлалт тогтоосон зэргийн улмаас олон улсын зах зээлд газрын тосны үнэ өссөн нь газрын тосны бүтээгдэхүүний экспортын үнийн дүнд эерэгээр нөлөөлжээ. Хэдийгээр бензин, дизель түлшний нийлүүлэлтэд хязгаарлалт тогтоосон ч газрын тосны бүтээгдэхүүний экспортын дундаж үнэ нэгдүгээр сараас аравдугаар сарын хооронд тонн тутамд $1,105 болж, өмнөх оны мөн үеийн $681-аас 62 хувиар өссөн байна. Усан онгоцны үйлдвэрлэл, дэлгэцийн технологи зэрэг бусад салбарын экспорт ч сайн үзүүлэлттэй байсан бол гоо сайхан, эм, хөдөө аж ахуй, далайн хүнсний экспорт дээд хэмжээндээ хүрчээ. Тухайлбал гоо сайхны бүтээгдэхүүний экспорт эхний арван сарын байдлаар $12.4 тэрбумд хүрсэн нь өмнөх бүтэн жилийн $11.4 тэрбумыг давсан байна. Ерөнхийдөө Өмнөд Солонгосын экспортын гол 20 салбарын 16 нь жилийн өмнөхөөсөө өссөн бол найм нь оны эхний арван сарын хугацааны дээд амжилтаа тогтоожээ. Эх сурвалж: Korea Times